Онцгой байдлын газарт иж бүрэн тоноглосон гал унтраах машин хүлээлгэж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-02-01 19:53:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Бауыржан өнөөдөр аймгийн Онцгой байдлын газарт гал түймэр унтраах болон шуурхай албаны авто машин хүлээлгэж өглөө.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн оны наймдугаар сард Баян-Өлгий аймагт ажиллах үеэр орон нутагт өндөр барилгууд олноор баригдаж байгаа тул орчин үеийн шаардлагад нийцсэн гал унтраах авто машин шийдвэрлэж өгөх асуудлыг аймгийн удирдлагууд тавьсан юм.

Тус хүсэлтийн дагуу Онцгой байдлын Ерөнхий газраас  Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт Франц Улсад үйлдвэрлэсэн, иж бүрэн тоноглолтой гал түймэр унтраах машин, мөн туулах чадвар сайтай суудлын тэрэг олгосон байна. Мөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 12 сая төгрөг шийдвэрлэж, онцгой байдлын алба хаагчдад Хөдөлгөөнт удирдлагын байр тохижуулж өгчээ. Гал унтраах машин нь 1 тэрбум гаруй төгрөгийн үнэтэй бөгөөд гал түймэр унтраахаас гадна уулнаас, уснаас аврах ажиллагаа явуулахад ашиглах боломжтой аж.

Засаг дарга Д.Бауыржан эдгээр тээврийн хэрэгслүүдийг Онцгой байдлын газрын алба хаагчдад хүлээлгэн өгч, цаашдын ажлаас нь амжилт хүслээ.

Холбоотой мэдээ