Үер усны гамшгийн үед халдварт өвчин дэгдэх магадлалтайг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-21 18:47:05

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут багийн нутаг дэвсгэр, Баянлиг сумын нутагт үргэлжлэн бороо орсоны улмаас голын усны түвшин нэмэгдэж үер болсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл албаныхан Үер усны гамшгийн үед иргэдэд эрүүл мэндээ хамгаалж, халдварт өвчинд өртөхөөс сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна.

Үер усны гамшгийн үед амь насаа алдахаас гадна, гэр  хорооллын жорлон, бохир усны цооног хальж, өтгөн шингэн ялгадас, бохир хог хаядлаар газрын хөрс, унд ахуйн ус, гудамж талбай бохирдсны улмаас сальмонеллёз, балнад, цусан суулга, боом, хийт үжил, вируст  гепатит А зэрэг халдварт өвчинд өртөх нөхцөл бүрддэгийг мэргэжлийнхэн анхаарууллаа.

Тиймээс Ундны усыг сайтар буцалгаж хэрэглэх, айл өрх албан байгууллагууд үерийн улмаас үүсч  тогтсон шавар шавхайг түргэн хугацаанд цэвэрлэн зайлуулах, мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг авч халдваргүйжүүлэлт хийх, энгийн бие засах газар, бохирын цооног, гадна талбайг бохирдолтын  байдлаас  хамааран ариутгах шаардлагатай гэжээ. Мөн жорлон бохир усны цооногт ялаа, шавьж, авгалдайг зөвшөөрөгдсөн халдваргүйтгэлийн бодисоор устгал хийх,  бохирлогдсон талбайд хүүхэд багачуудыг тоглуулахгүй байх, гэр, орон байрандаа гадуур өмсдөг гутлаа тайлж сольж хэвших, гэртээ цэвэрлэгээ тогтмол хийхийг мөн зөвлөж байна. Түүнээс гадна хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа бохирлогдсон тухай бүрт гар угаах, үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, шууд устгах, заавал хийх товлолын дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх, сайн дурын дархлаажуулалтаар гепатит А-гийн эсрэг вакцин хийх хэрэгтэй байна.

Мөн халуурах, толгой өвдөх, хоолонд дургуй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх шалбархай үрэвсэх гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад нэн даруй хандахыг зөвлөлөө.

Холбоотой мэдээ