Халууны улиралд наршиж, хордлогын шинж тэмдэг илэрх нь ихсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-22 12:51:51

Баянхонгор аймагт зуншлага сайхан болж байна. Зарим нутгаар үргэлжилсэн бороо орсны улмаас үер усны аюул нүүрлээд байгааг эс тооцвол дийлэнх нь нутгаар нартай, хуртай, ногоо цагаатай сайхан зун болж байна.

Цаг агаарын байдал, амралтын улирал эхэлсэнтэй холбоотой бага насны хүүхдүүдийн нарших, түүнээс үүдсэн хүндрэлүүд нэмэгджээ. Эмч мэргэжилтнүүд хэлэхдээ, халуун наранд хүүхдийнхээ толгойг байнга чийглэх, нарны малгай өмсүүлж хэвшүүлэхийг зөвлөж байна.

Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Тиймээс зуны халууны улиралд наршилтаас сэргийлэхийн тулд Онцын ажилгүй бол гадуур явахгүй байхыг зөвлөлөө.

 Мөн гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршихгүй бөгөөд нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөхийг зөвлөж байна. Наршилтын үед дотор бачуурч нозоорох, огидос хүрэх, бөөлжих, суулгах, бага зэрэг халуурах, ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг. Мөн нүд харанхуйлж, манарах шинж тэмдэг илэрдэг байна. Дээрх шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандан үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй аж.

Холбоотой мэдээ