Австралид таван жилийн хугацаанд 150 сая мод тарина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-02-21 14:43:05

СИДНЕЙ. /TASS/. Австралийн эрх баригчид модныхоо экспортыг нэмэгдүүлэх, мод боловсруулах салбараа хөгжүүлэх зорилгоор таван жилийн хугацаанд 150 сая мод тарихаар төлөвлөжээ. Тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисоны мэдэгдсэнээр, шинэ ой бий болгоход эрх баригчид 86 сая гаруй австрали доллар (61.8 сая ам.доллар) гаргана.


“Засгийн газар ирэх таван жилийн хугацаанд цаашид модны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор тарьц суулгацын шинэ талбай байгуулахад 86 сая гаруй австрали доллар оруулна. Энэхүү хөтөлбөр нь хойч үедээ мод экспортлох боломжийг баталгаажуулж, илүү олон мод тарих зорилготой” гэж тэрбээр “Tasmania Talk” радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд “орон даяар 150 сая мод тарина” гэж тэмдэглэжээ.  


Моррисон мөн эдгээр хөрөнгө оруулалт нь сүүлийн 30 жилийн хугацаанд салбарын хамгийн том хөрөнгө оруулалт болох бөгөөд ойрын арван жилд модны экспортын хэмжээг нэмэгдүүлж, эрэлт нь "2050 он гэхэд дөрөв дахин нэмэгдэнэ" гэж онцолжээ. Үүнээс гадна, Австралийн Хөдөө аж ахуйн сайд Дэвид Литтлепраудын мэдэгдэлд дурдсанаар, Засгийн газрын хөрөнгө оруулалт нь “орон нутагт болон алслагдсан бүс нутгуудад шинэ ажлын байр бий болгоно".


Австралийн мод, модон бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2019-2020 онд гарсан ойн томоохон түймрийн улмаас 2021 он гэхэд 18 хувиар буурч, эдийн засагт нь 2.7 тэрбум австрали доллар (1.9 тэрбум ам.доллар) авчирчээ.


Тус улсын экспортын гол бүтээгдэхүүн нь боловсруулаагүй мод, зомгол бол импортлогч гол орнууд нь Хятад, Шинэ Зеланд, Япон юм. Австралийн нийт экспортод энэ салбар 1 хүрэхгүй хувийг эзэлж байна.


Холбоотой мэдээ