Суралцагчийн сурлагын амжилтыг дэмжих сургалтад багш нар хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Сурагчдын хоцрогдол арилгах
хөтөлбөрийн хүрээнд БШУЯ-наас санаачлан дөрвөн аймагт “Суурь судалгааны үр дүнд үндэслэн
суралцагчийн сурлагын амжилтыг дэмжих” сургалт зохион
байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сургалтад ерөнхий боловсролын сургуулийн 200 орчим
багш хамрагдаж байна.
Боловсролын үнэлгээний төвийн
Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц, Үнэлгээ Хөгжүүлэлтийн хэлтсийн
ахлах мэргэжилтэн Б.Батсүхээр ахлуулсан ажлын баг сургалтыг ахлан явуулж байгаа
аж.
Дээрх сургалт нь манай аймгаас хэрэгжүүлж буй “Боловсрол-2032” хөтөлбөртэй уялдаж байгаагаараа ач холбогдолтой гэж боловсролын салбарынхан үзэж байна. Сургалтад хамрагдсан багш нар, төгсөх ангийн сурагчдын Монгол хэл, Математикийн хичээл, ЭЕШ-ын хоцрогдлын агуулгыг тодорхойлон гаргаж, сурлагын амжилтын түвшинг ахиулахад дэмжлэг үзүүлэх ажээ.
Ташрамд, манай аймаг суралцагчдын сурлагын үнэлгээгээр улсын хэмжээнд нэгдүгээр байранд орсон бөгөөд 2021 онд
Дархан-Уул аймгийн Боловсролын салбар 94,1 оноогоор улсад тэргүүлсэн амжилт
үзүүлжээ.