Ч.Мөнгөнчимэг: Иргэд арилжааны аль ч банканд хандсан 2006 оны дэвсгэртийг чөлөөтэй сольж өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-25 16:43:19
Архангай /МОНЦАМЭ/. Монгол банкнаас ирэх 3-р сарын 1 хүртэл хугацаанд 2006 оны хорин мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс татаж байна. Үүнтэй холбоотойгоор Архангай аймаг дахь Монголбанкны салбарын нярав Ч.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.

-2006 оны 20000 төгрөгийн дэвсгэртийг ирэх 3 дугаар сарын 1-ний өдрөөс гүйлгээнээс татах гэж байна. Ямар шалтгаанаар татаж байгаа вэ?

-Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэсэн хорин мянгатын дэвсгэртийг 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд гүйлгээнээс татахаар болсон. Энэ мөнгө нь тухайн үедээ нууцлал хамгаалалтын элемент нь сайн байсан. Харин цаг хугацаа өнгөрч, техник технологи хөгжихийн хэрээр олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элементийг дуурайлган уг дэвсгэртийг хуурамчаар үйлдэх тохиолдол их гарч байгаа болохоор гүйлгээнээс татаж байгаа юм.

-Хоёр жилийн өмнөөс татаж эхэлсэн юм байна шүү дээ.

-Тийм ээ.

-Иргэдийн гар дээр гэх үү, гүйлгээнд 2006 оны хэдэн ширхэг хорин мянгатын дэвсгэрт байгаа бол? Тийм мэдээлэл бий юу?

-Мөнгөн тэмдэгтийг хэдэн ширхэг хаана үйлдвэрлэсэн нь нууц байдаг. Арилжааны банк нь харилцагчийн тушаасан мөнгийг сайн, муу гэж ялган Монголбанканд тушаадаг л даа. Монголбанк мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, түүний нөөцийг бий болгох, хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн зохион байгуулдаг. Мөн иргэд мөнгөн тэмдэгтийг сүсэг бишрэлийн зориулалтаар овоо хангайд өргөх, барилгын сууринд хийх, санамсар болгоомжгүйгээс болж галд шатаах, урж тасдах гэх мэтээр устгадаг. Иймэрхүү байдлаар 2006 оны 20000 төгрөг хэр их устсаныг мэдэх боломжгүй учраас иргэдийн гар дээрх мөнгийг тооцоолох боломжгүй байна.


2020 оны 3 дугаар сараас эхлэн уг дэвсгэртийг хоёр жилийн хугацаанд гүйлгээнээс татсан. Ингээд бодохоор одоо иргэдийн гар дээр тун цөөхөн үлдсэн байгаа гэж бодож байна. Анх 2020 онд гүйлгээнээс татахад иргэдийн банканд гүйлгээ хийж байгаа мөнгөн дунд маш их байдаг байсан бол одоо тун цөөн болсон.


-Мэдээж мөнгөн дэвсгэртийн хамгийн том нэгжтэй дэвсгэрт учраас өөр дэвсгэртээр сольж өгөх байх?

-Тийм ээ. Иргэд арилжааны аль ч банканд хандсан 2006 оны дэвсгэртийг чөлөөтэй сольж өгнө.


-Хэдэн оны ямар дэвсгэртээр солих вэ?

-Мөнгөн дүндээ тааруулаад л солих боломжтой. Харилцагч өөрөө хүсвэл тухайн мөнгөн дүндээ тааруулж бүхлээр болон бутлуулж авч болно.


-Яг энэ ажил дээр иргэд мөнгөн дэвсгэртээ өгөх байх. Харин бусад үйлчилгээ үзүүлж байгаа үйлчилгээний газрууд болох дэлгүүр, үсчин, барааны зах, засварын газрууд гэдэг ч юмуу энэ ААНБ-ууд хэрхэн оролцож байна вэ?

-Ер нь иргэн аж ахуйн нэгж гэж ялгалгүй өөрт байгаа хорин мянгатын дэвсгэртээ шалгаж үзээд л 2006 оны 20000 төгрөг байвал банканд очоод солиулж болно. Дэлгүүр, үйлчилгээний газрууд харилцагчаас мөнгөө авахдаа хорин мянгатын дэвсгэртээ шалгаж үзээд 2006 оны мөнгө байвал үүгээр гүйлгээ хийхгүй тул та банканд хандана уу гэсэн шаардлага тавибал дэвсгэртийг илүү хурдан гүйлгээнээс татах боломжтой.


-2006 оны хорин мянгатын дэвсгэртийн гол таних тэмдэг нь юу вэ? Мэдээж оныг нь хамгийн түрүүнд харах байх?

-Гол таних тэмдэг нь 2006 оны 20000 төгрөгийн дэвсгэрт нь ямар нэгэн цонхгүй, туузгүй, нүүрэн талын гол хэсэгт мөнгөлөг соёмботой, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байдаг.

-Иргэдэд нэмэлтээр өөр юуг анхааруулж хэлэх вэ?

-Мөнгөн тэмдэгт бүтээхээс эхлээд устгагдах хүртэл өндөр өртөг, асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр орж байдаг. Иймд мөнгөн тэмдэгтээ зөв соёлтой хэрэглэхийг уриалж байна.

Холбоотой мэдээ