"Электрон тамхины хэрэглээнээс хүүхдийг хамгаалах" аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-03-04 17:25:39
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Электрон тамхины хэрэглээнээс хүүхдийг хамгаалах" аян зохион байгуулах захирамж гарган ажиллаж байна.
Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар Олон улсын хэрэглэгчдийн өдөр буюу 3 дугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. 2022 оны хувьд “21 нас хүрээгүй хүнд сордог электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдаалахыг таслан зогсоох, ялангуяа сургууль, цэцэрлэгийн орчимд тамхийг худалдаалахгүй” байх чиглэлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өгсөн. Дээрх чиглэлийн хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн А/184 тоот захирамжаар “Электрон тамхины хэрэглээнээс хүүхдийг хамгаалах” аян зохион байгуулан ажиллаж байна. Уг аян нь сурагчдад электрон тамхины хор уршгийг таниулах, тамхинд донтохоос урьдчилан сэргийлэх, хэрэглэгчдийг хэрэглээний зөв дадалд уриалах зорилготой. Электрон тамхи буюу вэйпийг тамхиа хаях гэж байгаа хүмүүст зориулан үйлдвэрлэдэг гэх яриа байдаг ч энэ нь том төөрөгдөл. Учир нь электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй никотин болон хорт хавдар үүсгэдэг химийн хорт бодисууд агуулдаг байна.

Холбоотой мэдээ