ЕБС, СӨБ-ын багш нарт зөөврийн компьютер олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-03-07 17:36:36
Хэнтий /МОНЦАМЭ/ Ирэх 2023 онд УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдийн зүгээс аймгийн ЕБС, СӨБ, Яслийн багш нарт зөөврийн компьютер олгохоо мэдэгдлээ.
Хэнтий аймгийн суурь судалгааны үр дүнд үндэслэн суралцагчийн сурлагын амжилтыг дэмжих сургалтын хөтөлбөрийг Боловсролын үнэлгээний төв, Боловсрол, шинжлэх ухааны газраас хэрэгжүүлж эхэллээ. Өөрөөр хэлбэл /Ковид-19/ цар тахлаас шалтгаалсан хичээлийн хоцрогдлыг арилгах, сурлагын түвшнээ ахиулах, багш сурагчийн цогц хөтөлбөр юм.
УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдийн санаачилга, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын дэмжлэгтэйгээр тус хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгуулав.
Хэнтий аймгийн ЕБС бүрээс 8 судлагдахуун, хичээлийн 8 багшийг хамруулж, нийтдээ 200 гаруй багш нар сургалтад хамрагдлаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг, Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат, БШУГ-ын дарга С.Мөнхцэцэг, МУИС-ийн Физикийн багш, профессор М.Ганбат, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн багш, Клиник профессор О.Бямбаа нарын албаныхан, нийслэлийн 1, 11, 84, 115 дугаар сургууль, “Шинэ үе”, “Шинэ Монгол” сургуулийн багш нар хүрэлцэн ирж хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгууллаа.
Ташрамд дуулгахад, 2021 оны дүнгээр ЭЕШ-ын дүнгээр Хэнтий аймгийн сурагчид дунджаар 548,4 оноог авсан бөгөөд улсын дунджаас 46 функтээр өндөр байгаа юм. Энэ 2017 оноос хойш боловсролын салбарт авч хэрэгжүүлсэн шат дараатай үйл ажиллагааны үр дүн хэмээж, цаашид боловсролын чанарт анхаарах асуудлыг дэвшүүлж буйг салбарын удирдлагууд мэдээллээ.
Холбоотой мэдээ