"Оюутан цэрэг"-т элсэх хүсэлтийг мянга гаруй оюутан гаргаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар мянга гаруй оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ "e-mongolia" системд илгээсэн байна.
"Оюутан цэрэг" сургалтад хамрагдах хүсэлтэй 1-р курсийн оюутнуудыг энэ сарын 10-ныг хүртэл "e-mongolia" платформоор бүртгэнэ. Хүсэлт нь баталгаажсан оюутнууд харьяа дүүргийнхээ цэргийн штабт очиж, бие бялдрын шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд тус сургалтад хамрагдах юм.
Их, дээд сургуулийн оюутнуудад суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломж олгох зорилгоор 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн "Оюутан цэрэг" хөтөлбөрт жилд дунджаар 500-1000 орчим оюутан хамрагдаж ирсэн. Харин өнөө жилийн хувьд, элсэгчдийн тоо хязгаартай тул хүсэлт илгээсэн оюутан бүрийг тус хөтөлбөрт хамрагдуулах боломжгүй тухай БХЯ-ны ахлах мэргэжилтэн хурандаа С.Рагчаадорж мэдээлээд байгаа юм.
Шалгуур:
- Тухайн оюутны суралцаж буй сургууль нь магадлан итгэмжлэгдсэн байх,
- 2021-2022 оны хичээлийн жилд шинээр элссэн байх,
- Бакалаврын өдрийн ангийн 1-р курсийн оюутан байх,
- 2022 оны 6 дугаар сарын 15 гэхэд 18 нас хүрсэн байх,
- 1 дүгээр улирлын голч оноо 2.8 -аас дээш байх,
- Эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшинг гол шалгуур болгоно.
Бүртгэл дууссаны дараа Батлан хамгаалах яамнаас хүсэлтүүдийг шалгаж, баталгаажуулна. Мөн Боловсролын салбарын мэдээллийн сангаас шалгуур хангасан мэдээлэл олдсонгүй гэсэн мэдэгдэл ирсэн тохиолдолд тухайн оюутан сургуулийнхаа сургалтын албанд хандаж, өргөдөл гомдлоо гаргана.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгүүлэх заавартай танилцаарай.