Хятадад “COVID-19”-ийн шинэ тохиолдлын тоо өдөрт 2.3 дахин нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2022-03-15 10:15:30

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д мягмар гарагт коронавирусний халдварын 5370 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийн үзүүлэлтээс 2.3 дахин их байна гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлжээ.


Тус хорооноос мэдээлснээр, 3 602 хүнд халуурах, ханиалгах, бие сулрах зэрэг шинж тэмдэг илэрсэн бол үлдсэн 1 768 нь шинж тэмдэггүй тээгчид аж. Шинээр халдвар авсан хүмүүсийн 216 нь л хилийн чанадаас ирсэн байна.


Нийтлэгдсэн статистик мэдээллээс харахад, өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй шинж тэмдэгтэй ковидын халдвар авсан хүний тоо өдөрт дунджаар 17.4 хувиар нэмэгдэж, 11 984 болсон бол шинж тэмдэггүй, эмчийн хяналтад буй өвчтөнүүдийн тоо 20634-т хүрчээ. Одоогоор найман хүний биеийн байдал хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 80 хувь нь дотооддоо халдвар авсан бол үлдсэн нь 20 хувь нь хилийн чанадаас иржээ.


Хятадын эх газарт цар тахал дэгдсэнээс хойш 120.5 мянган хүн дахин халдвар авчээ. Үүнд шинж тэмдэггүй өвчтөнүүдийн тоог оруулаагүй байна. Хятадад ковидын улмаас нас барсан тохиолдол өнгөрсөн оны нэгдүгээр сарын 25-наас хойш бүртгэгдээгүй байна.  Цар тахал дэгдсэнээс хойш нийт 4636 хүн нас баржээ.  


БНХАУ-ын бүс нутгуудаас Жилин (зүүн хойд), Шаньдун (зүүн), Гуандун (өмнөд), Хэбэй (хойд), Шэньси (баруун хойд) мужуудад, мөн Шанхай хотод коронавирусний хүчтэй дэгдэлт бүртгэгдсэн байна.


Сүүлийн өдрүүдэд тус улсад халдварын нөхцөл байдал эрс мууджээ. Халдвар авах магадлал ихтэй суурьшлын бүсийн тоо долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж 316 болсон байна. Сүүлийн нэг сарын хугацаанд БНХАУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн 31 нэгжийн 28-д нь дотооддоо халдвар авсан тохиолдол бүртгэгджээ. 


Холбоотой мэдээ