Усны өдрийг "Газрын доорх ус - Үл харагдах усыг таниулъя" уриан дор тэмдэглэж байна

ФОТО
munkhzul@montsame.mn
2022-03-23 11:53:07

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Газрын доорх ус - Үл харагдах усыг таниулъя" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй Дэлхийн усны өдрийн нээлт  энэ сарын 22-ны өдөр Баганат талбайд боллоо. 

Үйл ажиллагааг аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхсоёл нээж үг хэлэхдээ, Гадаргын болон гүний усыг хайрлан хамгаалахад хүн бүрийн ухамсарт оролцоо, хандлага туйлын чухал гэдгийг онцлов. 

Усны ариг гамтай зөв хэрэглээг бий болгох, мэдлэг мэдээллээр хангах үүднээс НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр хэрэгжиж байгаа "Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж ариун цэвэр эрүүл ахуйн үйлчилгээ төсөл"-ийн санхүүжилтээр 17 ажлыг хийхээр тус аймаг төлөвлөжээ. Үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Боловсрол шинжлэх ухааны газар, Эрүүл мэндийн газар, БОАЖГ, Насан туршийн боловсролын төв, "Чандмань-Баянхонгор" ХК зэрэг холбогдох байгууллагууд хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Дээрх байгууллагууд хамтран Дэлхийн усны өдрийг угтан "Газрын доорх ус - Үл харагдах усыг таниулъя" нөлөөллийн ажил зохион байгуулах тэтгэлэгт төслийн уралдааныг зарласан бөгөөд 12 сумын 12 сургууль, 6 цэцэрлэг оролцжээ. Шилдэг төслөөр гурван цэцэрлэг, зургаан сургууль шалгарч тус бүр 500 мянган төгрөгийн батламжийг энэ өдөр гардан авлаа. 

Мөн энэ үеэр төрийн байгууллагын удирдлагууд Баянхонгор сумын ЕБС-уудын эмч, эко клубийн 120 сурагчийг ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлээр үе тэнгийн сургагч багшаар бэлтгэж "Усны элч хүүхэд" тэмдгийг гардуулав.