Өндөр настан У.Зулхарнай хашаандаа 200 орчим жимсний модтой

ОРОН НУТАГТ | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-23 12:55:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн өндөр настан У.Зулхарнай жил бүр хашаанаасаа 250 гаруй кг чацаргана хураан авч байна.

Түүний хувьд аймагтаа насаараа жолоочоор ажиллажээ. Одоогоос 10 жилийн өмнө хүүхдүүдийнхээ хамт хашаандаа 55 ширхэг бургас мод тарьснаар тариалалтын ажлаа эхлүүлжээ. Дараа нь 36 ширхэг чацарганын суулгац авч ирж тарьж байжээ. Түүнээс хойш чацарганын суулгацуудыг нэмж тарьж, эдүгээ жил бүр 250 гаруй кг чацаргана хураан авч байгаа аж.

Иргэн У.Зулхарнай хашаандаа зөвхөн мод, чацаргана тариад зогсохгүй, төмс, лууван, байцаа, манжин, өргөст хэмх, улаан лооль, сонгино, чинжүү, бууцай, үхрийн нүд зэрэг 15 орчим төрлийн жимс, хүнсний ногоо нэмж тариалжээ. Одоогоор жилд 400 гаруй кг төмс, тус бүр 200 гаруй кг хүнсний ногооны төрлүүдийг хураан авдаг байна. Түүний тарьсан төмс, хүнсний ногоо нь зөвхөн өөрийнхөө гэр бүлийг биш, хүүхдүүдийнхээ хэрэгцээг ч хангаж, илүү гарсныг борлуулан орлого олдог болжээ.

"Миний бие тарьсан мод, төмс, хүнсний ногоондоо химийн бордоо огт ашигладаггүй. Түүний оронд малын бууцыг ашиглаж, цагт нь усалж, арчилдаг. Энэ ажилд "АДРА Монгол", "Гэр саначилга" зэрэг төслүүд ч ач тусаа хүргэсэн. Түүнээс гадна газар тариалангийн тухай ном, сэтгүүлүүдийг байнга уншиж ашигладаг. Мөн хашаандаа мод, хүнсний ногоо тариалах хүсэлтэй хүмүүс, залуучуудад мэдсэн, сурсан зүйлээ харамгүй зөвлөдөг" хэмээн өндөр настан хэлж байна.

Харин энэ жил одоо байгаа 160 орчим чацарганын мод дээр нэмж 30 орчим ширхэг алим, үхрийн нүд жимсний мод, 1 хүлэмж, хэд хэдэн мөлхөө хүлэмж барихаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж байгаагаа тэрээр онцлов.   

















Холбоотой мэдээ