Монголын уулчид дэлхийн хамгийн өндөр 14 ноён оргилд авирах зорилго тавьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-24 11:58:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Далайн түвшнээс дээш 8000 метрээс дээш өндөртэй, дэлхийн 14 оргилын зургаад нь монгол уулчид амжилттай авирч Монгол Улсынхаа Төрийн далбаагаа мандуулаад байгаа билээ.


“Монгол мөрөөдөл-14” төслийн зорилго нь эдгээр 14 оргилд монгол уулчид авирч, эх орныхоо төрийн далбааг мандуулахад оршино. Төслийн гарааг эхлүүлэн 2022 оны 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 31-ний хугацаанд дэлхийн дээвэр Эверестийн оргилд авирахтай зэрэгцэн дэлхийд өндрөөрөө тавд орох Макалу / 8463 м/ оргилд монгол хүн анх удаа авирах гэж байна.


Уг төслийн хүрээнд дэлхийн дээвэр Эверест болон монгол хүний мөр гараагүй Макалу оргилд авирах уулчдад зориулан “Хайрхан аялагч” клуб, “Хоризон” уулын клубээс хамтран зохион байгуулж буй хандивын хүлээн авалт бямба гарагт буюу 3 дугаар сарын 26-ны өдөр болно.


Дэлхийн 8000 метрээс дээш өндөр оргилд мөрөө гаргасан монгол уулчид:


1. Эверест 8848 м - Гавьяат тамирчин, ОУХМ Г.Өсөхбаяр 2005 он

2. К2 8611 м - Гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа 2018 он

3. Лхотце 8516 м - ОУХМ Ж.Бямбасүрэн

4. Чо Оюу 8201 м - Гавьяат тамирчин, ОУХМ Л.Болдбаатар

5.Манаслу 8163 м Б.Батболд

6. Шиша Пангма 8013 м ОУХМ Ө.Батманлай


Эдгээр оргилд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулснаар хүүхэд залуус, хойч үедээ эх орноо хайрлах, бахархах омогшлыг төрүүлж, уулын спортыг олон нийтэд таниулах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгож түгээх, Монголын уулын спортын түүхэнд шинэ хуудсыг нэмэх юм.


Дэлхийн тав дахь өндөр оргилд авирах анхны монгол уулчин А.Баттогтох нь Хоризон уулын клубийг үүсгэн байгуулагчдын нэг, тус клубийн өндөр уулын хөтөч дасгалжуулагч, уулын спортын I зэрэг, гүйлтийн спортын III зэрэгтэй юм.



Тэрбээр, Алтай Таван Богд уулын Хүйтэн, Малчин, Найрамдал, Хангайн нурууны Отгонтэнгэр, Соёны нурууны Мөнх Сарьдаг, Их Богд, Цамбагарав, Мөст, Сүхбаатар, Барилгачин, Хөх Сэрхийн нурууны Тахилт, Сутай хайрхан зэрэг Монгол орны ноён оргилуудад 40 гаруй удаа гарсан байна. Мөн гадаадад Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6965 м/, Европын ноён оргил Эльбрусд /5642 м/ тус тус амжилттай авирч байсан туршлагатай уулчин юм.


Дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд авирах уулчин Б.Гантулга нь Хайрхан аялагч клубийн гишүүн, Хайрхан авиралтын багийн дасгалжуулагч, уулын спортын мастер, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Мэдээлэл холбоо, технологийн салбарын тэргүүний ажилтан, 2015 оны Альпиниад УАШТ-ий алтан медальт залуучуудын багийн ахлагч юм.



Тэрбээр эх орныхоо мөнх цаст оргилуудад 60 гаруй удаа амжилттай авирсан бөгөөд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6965 м/, Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/, Европ тивийн ноён оргил Эльбруст /5641 м, 5621 м/ 2014 он, 2018 онуудад тус тус амжилттай авирсан уулчин билээ.


Ташрамд дуулгахад, Монгол хүний мөрийг дэлхийн дээвэрт тамгалж, монгол уулчны хатуужил, тэвчээр, эр зоригийг дэлхийд батлах гэж буй энэ хоёр уулчныг дэмжих хандивын хүлээн авалт нь бямба гаргийн 17.00 цагт Нарны гүүрний баруун талд WW Center-т болно. 

Холбоотой мэдээ