Сэлэнгэчүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Та-бид хамтдаа" уриан дор нэгдлээ

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2022-03-28 22:18:17

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулах ажлын хүрээнд "Тарьц, суулгац нийлүүлэгч аймаг” болохоо зарласан. Ийм ч учраас “Та-бид хамтдаа" уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 17 сумын 60 иргэн, аж ахуйн нэгж 20 гаруй төрлийн 8 сая ширхэг тарьц, суулгац бойжуулан ургуулдаг.  

Сэлэнгэ аймгийн тухайд 1973 оноос ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлыг тасралтгүй хийсээр ирсэн туршлагатай гэдгээрээ онцлогтой. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн нь мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ-уудад маш том боломж. Үүнийг доллар болгон харах хэрэгтэй гэж аймгийн дарга онцгойлон сануулаад байгаа. Иймд 2030 он гэхэд 20 сая ширхэг мод тарьж ургуулахаас гадна бусад аймаг орон нутагт “Тарьц, суулгац нийлүүлэгч” аймаг болох том зорилтыг тус аймаг тавьсан нь учиртай. Түүнчлэн тус аймаг Монгол Улсын ойн гавьяат ажилтнууд олонтой нь энэхүү тэрбум мод үндэсний хөтөлбөр хэрэгжихэд маш том түлхэц болох нь дамжиггүй юм.

Ингээд энэ сарын эхээр зохион байгуулсан “Нэг тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөний үеэр Монгол Улсын ойн гавьяатуудын ярьсан зарим яриаг хүргэе.

“Бугант групп”ын зөвлөх инженер, Монгол Улсын ойн гавьяат ажилтан О.Алтанцэцэг: Тэрбум мод үндэсний хөтөлбөр нь мод тарьдаг хүмүүст маш их боломж

Энэхүү тэрбум мод үндэсний хөтөлбөр нь мод тарьдаг хүмүүст маш их боломжийг олгосон зүйл болж байна. Энэ ажлыг дэмжиж, үр тарьцаа бэлдэхээс эхлээд л ажилдаа орж байна, бид. Манай аймгийн тухайд бэлтгэгч, нийлүүлэгч аймаг болж байгаа учраас бид хүчээ дайчлэн ажиллахаас өөр аргагүй цаг ирж байна.

Манай “Бугант групп” чинь мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Манай группын байгууллагууд үрээ бэлтгэдэг. Бид ихэвчлэн нарс тариалдаг. Манай гол зорилго бол нарсан ойн санг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Сүүлийн үед навчит модоор маш их тариалалт хийдэг болж. Энд гацуур, нарс, хуш тарьж байна. Сүүлийн үед улиас, хайлаас, монос гээд бүх төрлийн навчит модыг тариалж эхэлсэн. Навчит моднууд нь шилмүүлс модыг бодвол ургалт хурдан, өсөлт хурдтай байдаг. Иймээс 2 жил болоход бараг нэг метр гарантай болж шилжүүлэхэд боломжтой болдог.

“Өргөн Сэлэнгэ” ХХК-ийн захирал, Монгол Улсын ойн гавьяат ажилтан Д.Нэргүй: Энэ бол хүнд маш их өгөөжтэй, зөв санаачилга гэж бодож байна

Манай Сэлэнгэ аймгийнхан харьцангуй модыг тарьж, ургуулж сурсан хүмүүс. Яагаад гэвэл манай аймагт байдаг түүхийн дурсгалт “Тужийн нарс” олон удаа шатсан. Дээр нь хулгайгаар модыг маш ихээр бэлтгэж, банз болгон гадаадад гаргаж байсан. Энэ их шалтгааны нөлөөгөөр манай аймгийн иргэд ерөөсө мод тарих нь зүйтэй юм байна гэдэг дээр санал нэгдэж ирсэн. Ингээд манайхан модоо тарьж эхэлсэн. Үүний үрээр өнөөдөр “Тужийн нарс” битүү сайхан ногоороод байж байна. Энэ тужийн нарсны 70 хувийг ард түмний, тэр хамт олны хүчээр тарьж ургуулж, нөхөн сэргээсэн. Сэлэнгэ аймгийн иргэд хөдөлмөрчид бүгд мод тарьж чадна, туршлагажсан. ААН-үүд ч мөн бүгд мод тарина. Энэ хүмүүс надаасаа илүү арвин туршлагатай. Өмнө хуучнаар социализмын үед гэж хэлнэ л дээ. Модыг дагнаж тарьдаг байсан. Тухайлбал навчит модыг нэг, шилмүүст модыг нэг дагнаж тарьдаг байлаа. Манай ой аж ахуй бол гол төлөв шилмүүст модыг тарьдаг байсан. Тэгээд Засгийн газрын тогтоол гараад 4 аймагт навчит модны мод үржүүлгийн газар бий болсон юм. Гуулингийн, Цагаантолгойн гэх мэт. Энэ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа энэ тэрбум модны нөлөөгөөр дахин сэргэж үйл ажиллагаа нь эхэлж байгаад маш их баяртай байна. Манай компани 1999 оноос хойш 4505 га газрыг ойжуулсан байдаг. Сум сумдаар гаргасан нарийн тоо бий. Энэ тэрбум мод тарих хөдөлгөөнийг би маш зөв үйл гэж бодож байна. Маш их өгөөжтэй. Жишээ нь нэг мод тарьдаг хүн 2-ыг, 10 мод  тарьдаг хүн 20-ыг тарина. Тэгэхээр энэ бол хүнд маш их өгөөжтэй, зөв санаачилга гэж бодож байна.

“Ой баясах” компанийн инженер Б.Эрдэнэчимэг:Цаашид жимс жимсгэнийхээ модны төрлийг өргөжүүлнэ гэж бодож байгаа

Манай компани 30 гаруй төрлийн ургамлыг тарьж, үржүүлж байгаа. Одоогоор 380-450 мянган  ширхэг тарьц, суулгацыг нийлүүлэн гаргаж байна. Энд голчлон улиас, бургас, хайлаас, шар хуайс, далайн хальс, агч гээд модыг тарьж ургуулахаас гадна жимс жимсгэний мод, суулгацыг тарьдаг. Жимс, жимсгэний модоо ард иргэдэд их хэмжээгээр бэлтгэн нийлүүлдэг. Цаашид жимс жимсгэнийхээ модны төрлийг өргөжүүлнэ гэж бодож байгаа. Мөн хотын ногоон байгууламжид зориулсан тарьж, суулгацыг бэлтгэн нийлүүлнэ. Бас ойжуулалт, нөхөн сэргээлтэд шилмүүст модоо их хэмжээгээр тарьж ургуулан тарьц, суулгацаар хангана гэж бодож байна.  Улаанбаатар хотын Захирагчийн алба, дүүргүүд, Дархан-Уул, Орхон аймаг, манай аймгийн 17 сумаас тарьц, суулгацыг авах гэрээ хийгдэж байна.

Холбоотой мэдээ