Путиний зарлиг ба хийн төлбөрийг хийх хувилбарууд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-04-01 13:35:48

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “найрсаг бус улсууд”-ад нийлүүлж буй Оросын байгалийн хийн төлбөрийг рублиэр хийх тухай өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан бол пүрэв гарагт энэ тухай зарлигт гарын үсэг зурлаа. Ингэснээр шинэ журам 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ба үүний дагуу Барууны орнууд Оросын банкуудад рублийн данс нээж, худалдан авсан хийнийхээ үнийг төлөх ёстой.


Хэрвээ “найрсаг бус” гэгдэж буй 48 улс хийн төлбөрөө рублиэр хийхээс татгалзвал Оросын тал үүнийг “гэрээний үүргээ биелүүлээгүй” гэж үзээд гэрээг цуцлах ажээ. 


Харин эл шийдвэрийг Барууны орнууд эрс эсэргүүцэж байна. “Бид рублиэр төлбөрөө хийхгүй, энэ асуудал дээр Европын Холбооны бүх гишүүн улс санал нэг байгаа” гэж лхагва гарагт Австрийн Батлан хамгаалахын сайд Клаудиа Теннер хэлсэн байна.


Мөн өдөр Германы Канцлер О.Шольц, Оросын Ерөнхийлөгч В.Путин нар хийн төлбөрийн асуудлаар утсаар ярьсан бөгөөд уг ярианы агуулгыг Германы засгийн газрын төлөөлөгч Штеффен Хебестрайт товчхон тайлбарлажээ. Түүний хэлснээр, Европын түншүүдийн хувьд юу ч өөрчлөгдөхгүй, төлбөр урьдын адил еврогоор хийгдэж, барууныхны хоригт ороогүй байгаа Газпромбанк руу валютыг шилжүүлэх ба дараа нь уг мөнгийг рубльд шилжүүлнэ гэдгийг Путин Германы Канцлерт хэлжээ. Харин Шольц ийм журмыг зөвшөөрөөгүй бөгөөд учир шалтгааныг сайтар нягтлахыг тулд энэ тухайд бичгээр мэдээлэл өгөхийг хүссэн аж.  


Худалдан авагчид еврогоор төлбөрөө хийж, дараа нь уг мөнгийг Газпромбанк рубльд шилжүүлнэ гэсэн схемийг Путиний зарлиг гарахаас өмнө Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков танилцуулж байсан юм. "Коммерсант" сонинд бичсэнээр, гадаадын худалдан авагчид хийн төлбөрөө хийхийн тулд рублийн тусгай дансаа Газпромбанкинд нээх боломжтой бөгөөд тус банк тусгай дансанд орсон валютыг Мосбирж дээр арилжих юм. Энэ тохиолдолд Оросын валютын ханшийг тогтоон барьж чадах рублийн томоохон худалдан авагчид гарч ирнэ.


Цаашдаа энэ схемээр явбал Европын худалдан авагчдын хувьд үндсэндээ юу ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ Песковын тайлбарласныг анзаарвал, дээрх схем нь эцсийн хувилбар мөн үү, бүх улсад хамаарах уу эсвэл зөвхөн Германд хамаарах уу гэдэг нь тодорхой бус байна.


Путиний зарлигийг уншихад, “найрсаг бус улсууд”-ын худалдан авагчдын хувьд Оросын хийг худалдан авах нөхцлүүд үндсэндээ өөрчлөгдөөгүй гэдгийг ВВС агентлагийн эдийн засгийн албаны редактор О.Шамина хэллээ. 


Гадаадын компаниуд Оросын Газпромбанкинд рублийн ба валютын дансууд нээснээр хийн төлбөрөө эдгээр дансанд валютаар шилжүүлнэ. Газпромбанк уг валютаар рубль худалдан аваад түүнийгээ гадаадын компанийн рублийн дансанд шилжүүлнэ. Ийм маягаар Оросын хийн төлбөр рублиэр хийгдэнэ гэсэн үг.


“Газпромбанк рублийг Мосбиржээс худалдан авах ба энэ нь валютын зах зээл дэх нөхцөл байдлыг өөрчлөх магадлал бага. “Газпром” компани экспортлогчийн хувьд валютаар олсон орлогынхоо 80 хувийг худалдаж, рублийн ханшийг дэмжих үүрэг хүлээсэн байдаг. Тэгэхээр одоо ийм гүйлгээ тодорхой хэмжээгээр өсөх нь ойлгомжтой.  


Гэсэн хэдий ч хэсэг хугацааны дараа “Газпром”-д өөрт нь валют хэрэгцээтэй болох тул рублиэ зах дээр зарж эхэлнэ. Магадгүй ийм маягаар “Газпром”-ын орлогыг Оросын банкуудаар дамжуулж барууны хоригоос хамгаална гэж эрх баригчид тооцоолсон байж болох юм. Учир нь, Европын банкуудаар дамжуулбал орлогын мөнгийг царцаах эрсдэл өндөр. 


Үүний зэрэгцээ Путиний зарлигт дурдсанаар, “найрсаг бус улсууд”-ын худалдан авагчид хийн төлбөрөө рублиэр хийхгүй бол нийлүүлэлтийг зогсоохыг анхааруулжээ. Гэтэл дээрх схемээр бол төлбөрийг валютаар хийх боломжтой харагдана.


Путиний мэдэгдлийн дараа, Герман, Австри улсууд нийлүүлэлтэнд саатал гарсан тохиолдолд онцгой дэглэм тогтоох төлөвлөгөөгөө хэдийнэ боловсруулжээ. Хомсдол үүсэж магадгүй тул хэрэглээгээ багасгахыг Германы эрх баригчид иргэдэд уриалсан бол Австрид хийн зах зээлийн хяналтыг эрс чангатгалаа.

 

Франц улс рублиэр төлбөр тооцоо хийхийг эсэргүүцэж байгааг Ерөнхийлөгч Э.Макрон лхагва гарагт мэдэгдсэн бөгөөд тэрбээр дайн эхэлснээс хойш Путинтэй 9 удаа утсаар ярьжээ. Хамгийн сүүлд утсаар ярьсан тэр өдөр “Их7”-гийн хуралдаан болж байсан бөгөөд энэ үеэр Барууны орнууд хийн төлбөрийг рублиэр хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна.


Барууныхны эдгээр хариу үйлдлийн дараа Д.Песков хэлэхдээ, рублиэр төлбөр хийхээс татгалзсан тохиолдолд Орос улс хийгээ үнэгүй нийлүүлэхгүй гэж мэдэгдэж байсан билээ. 


Оросын хийнээс татгалзаж чадах уу?


Европын олон компани “одоо үйлчилж буй гэрээ хэлцлүүдэд рублиэр төлбөр хийх тухай заалт огт байхгүй” гэдгийг мэдэгдэж байна. “Рублиэр төлбөр хийхийг шаардах нь гэрээг зөрчиж байна” хэмээн Германы Эдийн засаг, уур амьсгалын асуудал эрхэлсэн сайд, дэд Канцлер Роберт Хабек хэллээ.


Ер нь бол, янз бүрийн улстай хийсэн гэрээ хэлцлүүдийн нөхцлүүд өөр өөр байж магадгүй бөгөөд тэдгээрийг олон нийтэд ил болгохоос ямагт зайлсхийдэг ажээ.


Нөгөөтэйгүүр, өөр нэгэн хүчин зүйл бий. Европын олон улс орон Оросын хийнээс маш их хамааралтай. Энэ хамаарлыг багасгахад чиглэсэн урт хугацааны төлөвлөгөөг ЕХ боловсруулсан бөгөөд Орос-Украины дайн өрнөж буй энэ үед төлөвлөгөөгөө аль болох түргэн хэрэгжүүлэхээр хичээж байна. Тодруулбал, оны эцэс гэхэд Оросын хийн хэрэглээг 2/3-оор бууруулахаар төлөвлөжээ. 

ВВС агентлагт ярилцлага өгсөн Оросын шинжээчдийн үзэж байгаагаар, Европ тив хэсэг хугацаанд Оросын хийг авч чадахгүй болж магадгүй тийм нөхцөл байдал яг одоо үүсээд байна.


Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч М.Салихов-ын ярьснаар, 4 дүгээр сарын 1-нээс халаалтын улирал зогсож, хийн эрэлт буурч байна. Зуны улиралд газар дорх агуулахуудад хий шахаж нөөцлөх ажиллагаа явагддаг бөгөөд энэ онд агуулахууд дүүрэх эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Оросын хийгүйгээр Европ тив өвлийн улиралд дулааны хэрэгцээгээ хангаж чадахгүй бөгөөд оны эцэс гэхэд хийн хамаарлаа эрс багасгах гэсэн төлөвлөгөө нь хэрэгжих магадлал бага гэдгийг шинжээч дурдлаа. 


“Арикапитал” компанийн шинжээч С.Суверов-ын үзэж байгаагаар, эцсийн дүндээ Европын компаниуд хэсэгчилсэн байдлаар рублиэр төлбөр хийхийг зөвшөөрч магадгүй ажээ. Ер нь бол, рублиэр төлбөр хийх хувилбарыг яаж ийгээд олох боломжтой гэдгийг Оросын шинжээчид хэлж байна.


Өнгөрсөн долоо хоногт хийсэн Путиний мэдэгдлийн дараа бирж дээр рублийн ханш өсөж эхэлсэн билээ. Европчууд худалдан авсан хийнийхээ үнийг төлөхийн тулд рубль авахаас аргагүйд хүрэх учраас валютын зах дээрх тоглогчид евро, долларын бөөн урсгал орж ирэхийг хүлээсээр.


“Европчууд Оросын хийнээс татгалзснаар үнэ огцом өснө, харин “Газпром”-ын хувьд ашгийнхаа тэн хагасыг алдана гэсэн үг” хэмээн шинжээч Суверов хэллээ. Үүний улмаас улсын төсөвт орох татварын хэмжээ буурч, “Газпром”-ын хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд тасалдахад хүрснээр Оросын эдийн засагт бүхэлд нь сөргөөр нөлөөлнө.

Оросын хийнээс бүрмөсөн татгалзах нь Европ, Газпром хоёрын аль алиных нь хувьд хохирол ихтэй гэдгийг шинжээч онцлон хэллээ.

Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС  

Холбоотой мэдээ