НҮБ: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дорвитой арга хэмжээ шаардлагатай байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-04-05 17:20:27

НЬЮ-ЙОРК. /AFP/. Дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 1.5 хэмд тогтоон барихад чулуужсан түлшний хэрэглээг үлэмж хэмжээгээр бууруулах тэргүүтэй дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж НҮБ мэдээлжээ.


Дэлхий дахин уур амьсгалын аюул гамшигт хурдтай ойртож байгаа энэ үед Засгийн газар, байгууллагууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд өгсөн амлалтуудаа биелүүлэхгүй байгааг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн зөвлөлийн тайлан харуулсан байна.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, “Энэ бол биднийг амьдрал байх боломжгүй ертөнцөд хүрэх замд оруулж байгаа хоосон амлалтуудыг жагсаасан ичгүүртэй баримт бичиг” гэж хэлээд, цаашид энэ хэвээр үргэлжилбэл агаарын хэм Парисын гэрээгээр тохиролцсон 1.5 хэмээс даруй хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгааг сэрэмжлүүлжээ.


Түүний хэлснээр, дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоон барихын тулд дэлхий нийт хорт хийн ялгарлаа 2030 он гэхэд 45 хувиар бууруулах шаардлагатай байна. Хийн ялгарлыг эрс бууруулснаар л нөхцөл байдлыг эргүүлж чадна гэж 2800 хуудас бүхий тайланд цохон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ Засгийн газрууд агаар мандалд хэдийнээ ялгарсан нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг арилгахын тулд илүү олон мод тарих, шинэ технологийг хөгжүүлэх хэрэгтэй хэмээн бичсэн байна.


Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлийн тайланг хамтран гаргасан, профессор Жеймс Ски, “Одоо л биш бол хэзээ ч үгүй. Бүх салбарт хорт хийн ялгарлыг нэн даруй хийгээд их хэмжээгээр бууруулахгүй бол дэлхий дахин дэвшүүлээд буй зорилтдоо хүрэх боломжгүй болно” гэж хэлсэн байна.


Тайланд дурдсанаар, Парисын гэрээний зорилтод хүрэхийн тулд дэлхий нийт ирэх гурван жилийн хугацаанд буюу 2025 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэж буй явдлыг зогсоох шаардлагатай. Хэрэв одоогийн бодлогуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байвал 1.5 хэмийн зорилтоо “биелүүлж чадахгүйд" хүрч, улмаар 2030 оноос цааш 2 хэмд тогтоон барихад улам хүндрэлтэй болно.


А.Гутерреш Засгийн газар, бизнес эрхлэгчдийг зэмлэн буруушаасан ч улс орнуудын талаар тодорхой дурдаагүй байна. Тэрбээр, “Зарим Засгийн газар, бизнесийн манлайлагчдийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь зөрж байна. Энгийнээр хэлбэл, худал ярьж байна. Үүний үр дүн нь туйлын аюултай байх болно” хэмээн хэлсэн байна.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений хувьд, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг бууруулах дэлхий дахины хүчин чармайлт шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байгааг, бид бүхнийг шийдвэрлэх он жилүүд хүлээж байгааг уг тайлан харуулж байна гэв. Мөн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, ойн хомсдолыг зогсоох, байгальд ээлтэй тээвэр, цэвэр эрчим хүчийг ашиглах зэрэг тайланд дурдсан зарим зөвлөмжийг эш татаад, улс орнууд яг одоо арга хэмжээ авбал 2030 он гэхэд дэлхийн хорт хийн ялгарлыг хоёр дахин бууруулж чадна гэж хэлжээ.

Холбоотой мэдээ