Жендэрийн мэдрэмжтэй удирдагчдыг урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-05 18:52:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 19 аймгийн 170 гаруй байгууллагын 1800 гаруй албан хаагчдаас аймаг бүрт гурван салбараар жендэрийн мэдрэмжтэй 29 удирдагчийг шалгаруулжээ. Шалгаруулалтад Баянхонгор аймгаас Төрийн захиргааны байгууллага төрөлд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Д.Амарсанаа, Аж ахуйн нэгж байгууллага төрөлд "Баянхонгор трейд центр" ХХК-ийн захирал Т.Бат-Очир, Хэвлэл мэдээллийн байгууллага төрөлд "Хөгжлийн ертөнц ТV10" телевизийн захирал Н.Сундуй нар шалгарсан байна.

Жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагчдын шагналыг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг дахь референт Б.Содонцэцэг нар  өнөөдөр /2022.04.05/ гардуулж баяр хүргэлээ.

Хүний эрхийн Үндэсний комиссоос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагчдыг ийнхүү шалгаруулжээ.

Уг үйл ажиллагааны хүрээнд  жендэрийн тэгш байдлыг сурталчлах, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, төрийн болон аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагууд дахь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж сайжруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлын хүрээнд анх удаа орон нутгийн түвшинд сонгон шалгаруулснаараа онцлог юм.

Холбоотой мэдээ