"Эрүүл монгол хүн" болох эн тэргүүний шаардлага

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
uranatuya@gmail.com
2022-04-06 15:00:19

                               

ДЭМБ нэг хүнд 1 жилд ногдох согтууруулах ундаа 8-9 литрт хүрсэн бол тухайн улс, үндэстэнд аюул учирсан гэж үздэг. Гэтэл Монгол Улсад 2020 оны байдлаар 21-ээс дээш насны 1 хүнд  жилд 54 литр архи, согтууруулах ундаа, үүнээс архи 12 литр ногдож байгаа судалгаа гарсан. Нэг ёсондоо архины хэрэглээ, хэмжээ манай үндэстний аюулгүй байдалд нэгэнт заналхийлчихээд байгаа гэсэн үг.


Монгол Улс архины зохисгүй хэрэглээгээрээ дэлхийд “тэргүүлсэн” тухай судалгаа 2019 онд гарсан байсан удаатай. Архины эмгэгийн шалтгаант нас баралтаар Беларусын дараа хоёрдугаарт орсон. Мөн архины зохисгүй хэрэглээний дэлхийн дундаж үзүүлэлтээс манайх 3 дахин их, архинд донтсон 90 мянган хүн байна гэсэн тоо гарч байв. Энэ эмгэнэлтэй дүр зураг одоо ч дээрдэж сайжирсангүй хэвээр байна.

                                                                                                                                                                                      

  /2019 оны судалгаа/



Хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт хор хохирлоо хангалттай бий болгож байгаа архидан согтуурах явдалд онцгой анхаарал хандуулах цаг хэдийнэ болсон. Манай улс яг одооноос архидалттай тэмцэх бодлого хэрэгжүүлж, анхаарал хандуулахгүй бол 2050 он гэхэд архины хамааралтай хүмүүсийн тоо 2 дахин нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд сануулдаг.

Харин аюул түгшүүр зарлаад удсан энэ асуудлыг Монголын төр дээд түвшиндээ анхаарч эхлэв.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх захирамж гаргалаа. Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг хангахыг Засгийн газарт чиглэл болгоод байна.

 

Захирамжид, архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулахад анхаарах, онцгой албан татварын шатлал, ангилалд өөрчлөлт оруулах,  хатуулаг өндөртэй архи, согтууруулах ундааны хатуулгийг аажмаар бууруулах, хор уршгийг нь сурталчлан таниулах зэрэгт бодлогоор анхаарахыг тусгасан байна. Олон улсын туршлагад архины хатуулгийг бууруулах замаар хэрэглээний зохистой байдалд эерэг нөлөөлөх, ингэснээр нийгэм дэх архидан согтуурахаас үүдэлтэй сөрөг байдлыг багасгах алхам болж өгдөг жишээ ч бий.


Түүнчлэн төрийн байгууллагынхан өөрөөсөө үлгэрлэлийг эхлүүлэхэд анхаарах нь. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны баяр ёслол, хүлээн авалтад өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундаа хэрэглэхийг бүрмөсөн хориглох тухай асуудал захирамжид багтаж оржээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, хууль бус үйлдвэрлэл, борлуулалттай тэмцэх,  хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх,  иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийх юм.


Олон улсад архины хэрэглээг бууруулах янз бүрийн арга механизм хэрэглэдгээс үнэ болон татварын бодлогоор дамжуулан эрэлтийг бууруулах нь илүүтэй үр дүнгээ өгч буй тохиолдол байна. Ганцхан жишээ дурьдахад энэ төрлийн хэрэглээгээр дээгүүр ордог АНУ-ын Мериланд мужид архи согтууруулах ундаа худалдах үнийг 3 хувь нэмэхэд спирт, архины хэрэглээ 5.1, шар айрагны хэрэглээ 3.2 хувиар буурсан байдаг. Мөн өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орны согтууруулах ундааны татвар өндөр, харин ядуу буурай орнуудын архи, согтууруулах ундааны татвар бага байгаа судалгаанаас үзэхэд татварын механизм маш чухал нөлөөтэй нь тодорхой байгаа юм. Манайд ч бас 1990-ээд оноос өмнө архины үнийг өндөр тогтоож, хэрэглээнд нөлөөлдөг туршлага байсан.




Монгол Улсад 38-40 хувийн хатуулагтай согтууруулах ундааны онцгой албан татвар 6960 төгрөг байдаг. Энэ хэмжээний хатуулагтай архинд нийт үнийн 60 орчим хувьтай тэнцэхүйц татвар тогтоодог улс орнуудын жишигтэй харьцуулахад энэ бол маш бага. Согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бодлогоор, олон улс дахь сайн жишгийг хэрэгжүүлэх маягаар засах зам байна. Үүнд төрийн бодлого дэмжлэг, иргэд олон нийтийн санаачилга оролцоо аль аль нь чухал үүрэгтэй.



Өнөөдөр насанд хүрсэн монгол хүн жилд хэрэглэж байгаа цэвэр архины хэмжээ 2010 онтой харьцуулахад 3.2 дахин өссөн тоо байна. 2021 оны мэдээллээр  нэг хүнд ногдох архины хэрэглээгээр Монгол Улс дэлхийн 218 орноос 34-р байр буюу Тунис, Пакистан, Судан, Нигер зэрэг улс оронтой ойролцоо явж байгаа юм. Мөн манай дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны нийлүүлэлт болон үйлдвэрлэл сүүлийн 10 жилд тодорхой хэмжээнд тогтмол нэмэгдсэн байдаг. Дэлхий дээр 107 сая орчим хүн архины хамааралтай, архины улмаас 1 минутад 6 хүн нас барж байхад манайд бараг дэлгүүр мухлаг болгон архи худалдаалдаг хэт задгай байдал хэвийн зүйл болчихсон. Одоо улсын хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг, жижиглэн худалдаалдаг бүртгэлтэй цэг 15 мянга шахам байгаагийн дийлэнх нь Улаанбаатар хотод байна. Архи, согтууруулах ундаагаар үйлчлэх нэг цэгт 21-ээс дээш настай 132 иргэн ногдож байна.



Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5  эрсдэлт хүчин зүйлийн нэг нь архины хэрэглээ. Архины шууд ба шууд бус шалтгааны улмаас жилдээ 3500- 4500 хүн амь насаа алдаж байна. Хүн амын нас баралтын том шалтгаан болсон хавдар, элэгний эмгэгийн 30 орчим хувь нь мөн л архины шалтгаантай. Архины шалтгаант элэгний цирроз, элэгний хавдар манайд дэлхийн дундажаас 28 дахин их байна гэсэн тоо судалгаа байна.


ГССҮТ-ийн 2020 оны мэдээллээс үзэхэд жилдээ 145 мянга гаруй осол гэмтэл бүртгэгдсэний 16 мянга орчим нь архи согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой. Тэдгээрийн дийлэнх нь нийслэлд, бас олонх нь ажилгүй иргэд. Эндээс харахад архидалт манай улсад нийгмийн өвчлөлийн зэрэгт хүрснийг бэлхнээ илтгэж байгаа юм. Юутай ч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд очсон, цаг бусын нас баралт, хөдөлмөрийн чадвар алдах гол шалтгаан болсон архины зохисгүй хэрэглээнд төр бодлогоо чиглүүлэн анхаарч эхэлж байна.  

Холбоотой мэдээ