Монголд тавигдах зам Сибирийн бүс нутгуудад шинэ зах зээлийг нээнэ гэв

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-04-07 12:19:15

КЫЗЫЛ. /TASS/. Монгол Улсын Улаангом-Ховд чиглэлийн авто замын бүтээн байгуулалт нь хил дамнасан тээврийн зурвас /коридор/ байгуулах боломжийг олгох бөгөөд энэ нь Тува, Красноярскийн хязгаар, Хакас улсын хувьд  худалдааны шинэ боломжуудыг нээж өгнө гэж Тувагийн шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Александр Брокерт ТАСС агентлагт ярьжээ. 


"Тувагийн Засгийн газар "Тува-Монгол-Баруун Хятад" чиглэлд хил дамнасан тээврийн зурвас байгуулахаар хэдэн жил ажиллаж байна. Одоо сэргээн засаж байгаа “Хандагайты” шалган нэвтрүүлэх боомтоор дамжуулан Енисейн Сибирийн гурван бүс нутаг энэ коридорыг ашиглах боломжтой болно. Монголоор дайрсан замын урт нь 800 км боловч Улаангом, Ховдын хоорондох 160 гаруй км нь шороон замтай. Энэ хэсэгт хатуу хучилттай зам тавьснаар Красноярскийн хязгаар, Тува, Хакасаас Монгол, Баруун Хятад руу бүтээгдэхүүн экспортлох, эргээд тэндээс Сибирь рүү бүтээгдэхүүн импортлох боломжтой болно" гэж Брокерт ярьсан байна. 


Өнөөгийн геополитикийн нөхцөлд энэ нь маш чухал чиглэл юм гэж тэрбээр онцлон хэлжээ. Бидэнд одоо экспортын шинэ зах зээлд эрэлт их байгаа" хэмээн Брокерт хэлээд энэ чиглэл нь үр тарианы экспортод ирээдүйтэй гэдгийг цохон тэмдэглэв.


Түүний хэлснээр, Улаангом-Ховд чиглэлийн автозамын бүтээн байгуулалтыг Азийн Хөгжлийн банкны зардлаар хийнэ. Ажил 2022 оны наймдугаар сард эхэлнэ.


Одоогийн байдлаар Тувад хил дамнасан тээврийн зурвас байгуулах ажлын хүрээнд Орос-Монголын хил дээрх "Хандагайты" автомашины шалган нэвтрүүлэх цэгийг сэргээн засварлах ажил хийгдэж байгаа бөгөөд 2023 онд дуусгахаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ