Ажлын байрны дадлага сургуулийг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд ажиллаж буй тогооч нарын мэргэжлийн чадавхыг сайжруулах сургалт "Номун далай" цогцолбор сургуульд болж байна.
Аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, ШУТИС-ийн багш, хоол судлалын зөвлөх нар хамтарсан тус сургалт энэ сарын 7-9-ний өдрүүдэд болж байгаа юм.
Сургалтад Баянхонгор аймгийн бүх сумын сургуулийн тогооч нар хамрагдаж байна.
Сургуулийн Үдийн цай Үдийн хоол болсонтой холбогдуулан сургууль бүрт хоол зүйч, мэргэшсэн тогооч нар байхаар хуульчлан зааж хүүхдийн хоолны стандарт, шимт бодис, илчлэг нормыг шинэчлэн тогтоосон. Хүүхдийн хоолны чанар стандартыг хангуулахад сургууль, цэцэрлэгийн тогооч нарыг сургах зайлшгүй хэрэгцээтэй байгааг албаныхан хэлж байгаа юм.
Өмнөх сургалтад хамрагдсан тогооч нараас олонх нь ажиллахгүй байгааг цаашид анхаарч, бэлтгэгдсэн тогооч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, цахим хэлбэрээр олон төрөлт хичээлд боловсролын удирдлагууд, хангамжийн нярав, нягтлан бодогч нарыг хамруулах зэрэг бодлогын зөвлөмжийг хичээл удирдагч багш сануулж байлаа.
Энэхүү ажлын байрны дадлага сургалтыг НҮБ-ын ХИС “Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн орчин, хоол үйлдвэрлэл хөдөлгөөн эрүүл мэнд” төслийн санхүүгийн дэмжлэгээр зохион байгуулж байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймагт Хоол зүйчтэй нэг сургууль байгаа нь аймгийн төвийн "Номун далай" цогцолбор сургууль юм байна.
