“Honda” цахилгаан тээврийн хэрэгслийн судалгаа, хөгжүүлэлтэд 60 тэрбум ам.доллар зориулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-04-12 15:59:40

ТОКИО. /Mainichi/. Японы автомашин үйлдвэрлэгч “Honda Motor” компани байгальд ээлтэй технологийг хөгжүүлэх хүчин чармайлтынхаа хүрээнд ирэх 10 жилийн хугацаанд цахилгаан тээврийн хэрэгслийн судалгаа хөгжүүлэлтийн ажилд 8 их наяд иен /63 тэрбум ам.доллар/ зориулна гэдгээ өнөөдөр мэдэгджээ.


Тус компани 2030 он гэхэд дэлхийн зах зээлд цахилгаан тээврийн хэрэгслийн 30 загварыг нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тухайн он гэхэд цахилгаан тээврийн хэрэгслийн гарцаа хоёр сая давуулах зорилт дэвшүүлсэн байна.


Дэлхийн зах зээлд өрсөлдөөн улам ширүүсэж байгаа энэ үед “Honda” 2040 он гэхэд дан цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүрт тээврийн хэрэгслүүдийг худалдаалахаар төлөвлөж байгаа юм. “Honda” компанийн тэргүүн Тошихиро Мибэгийн мэдээлснээр, компани тээврийн хэрэгслүүдийг цахилгаан хөдөлгүүртэй болгох хийгээд программ хангамжийн технологийн салбарт 5 их наяд иен зориулна.


Honda” мөн цахилгаан тээврийн хэрэгслийн бизнест бусад компаниудтай түншлэлийн ажиллагаагаа эрчимжүүлж байгаа юм. Тухайлбал, “Sony” групптэй цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх чиглэлд хамтран ажиллахаа өнгөрсөн сард мэдэгдсэн юм. Талууд энэ оны сүүлээр шинэ компани байгуулж, 2025 оноос цахилгаан тээврийн хэрэгслүүдээ худалдаалж эхэлнэ.


Мөн энэ сарын эхээр “Honda”, General Motors” компаниуд боломжийн үнэтэй цахилгаан тээврийн хэрэгслүүдийг бүтээхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 2027 оноос Хойд Америкийн зах зээлд борлуулж эхлэхээ мэдэгдсэн юм. Өнгөрсөн онд “Honda” 2040 он гэхэд бензин хөдөлгүүртэй шинэ тээврийн хэрэгсэл худалдаалахаа зогсооно гэдгээ мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ