А.Ариунзаяа: Хувийн хэвшлийн байгууллагын ажилтан НДШ-ийнхээ 50 хувийг буцаан авна

Монголын мэдээ | Тодруулга
ariunbold@montsame.gov.mn
2022-04-15 17:24:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх улс төрийн шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдийнхээ хамт хэвлэлийн хурал хийж танилцууллаа. Мэдээллийн дараа Засгийн газрын гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулав.


-НДШ-ийн 50 хувийг буцаан олгох асуудал зөвхөн хувийн хэвшилд ажиллаж буй хүмүүст хамаарах уу?


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төсвийн тодотголыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн барина. Өнөөдөр бол зөвхөн улс төрийн шийдвэр гаргасан юм. 


-ХНХ-ын сайд А.Ариунзаяа: НДШ-ийн буцаан олголтод ямар байгууллагын албан хаагч хамрагдахгүй вэ гэдгийг танилцуулъя. Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоот хуулийн этгээд, газрын тос, уул уурхайн байгууллагад ажилладаг бол НДШ-ийн буцаан олголт авахгүй. Бусад бүх байгууллагын ажилтан энэ оныг дуустал НДШ-ийн 50 хувь буюу өөрийн төлдөг 4.5 хувиа авна гэсэн үг. Сайн дураараа НДШ төлж байгаа хүн 50 хувийг буцаан авна. ЭМДШ үүнд ороогүй бөгөөд энэ бол цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан авч буй түр зуурын бодлого.


-Цэрэг, цагдаагийн байгууллагаас бусад байгууллагын дүрэмт хувцасны зардлыг танахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс нийт хэдэн төгрөг гарах вэ?


-Сангийн сайд Б.Жавхлан: Төрийн тусгай албан хаагчаас бусад байгууллагад жилд 3 тэрбум төгрөг төсөвлөдөг. Үүнээс одоо зарцуулаагүй байгаа 2.5 тэрбум төгрөгийн танана гэсэн үг.


-Төсвийн тодотголд шаардлагагүй хөрөнгө оруулалтыг хасах асуудлыг хэрхэн тусгах вэ?


- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ирэх сарын 1-нээс тендер зарлагдаад, гэрээ хийгээгүй байгаа хөрөнгө оруулалтуудыг царцаана гэж ойлгож болно.

Хоёрдугаарт, төсөвт байгууллагуудын оффистой холбоотой асуудлууд, театр, музей, талбай тохижуулах зэрэг сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй ижил биш зардлуудыг хасна гэж ойлгож болно.

Бид залуучуудын 15 шаардлагын зарим асуудлаар энэ жил, ирэх жил ч юм уу Засгийн газар нэг удаа шийдвэр гаргаж болно. Гэхдээ бид агуулгын том шийдэл гаргахад Засгийн газар анхаарахыг хүссэн. Өөрөөр хэлбэл, томоохон өөрчлөлт хийх шаардлага байна. Тийм учраас суурь өөрчлөлт хийхэд илүү их цаг зарцуулж, анхаарах нь зүйтэй. Тухайлбал, төрийн өмчит зарим үйлдвэрийг нэгтгэх, эсхүл татан буулгах. Хэмнэлттэй холбоотой асуудлыг хуульчилж, нэг мөр шийдэх гэх мэт. Энэ хуульд Ерөнхийлөгч, УИХ, шүүх, цагдаа, онцгой байгууллага ч тэр бүх байгууллага багтана. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын тухайд бол Соёлын яам байхад Кино үйлдвэр, хууль хүчний байгууллагуудын дэргэд чуулга байх хэрэг байна уу. ШУА байхад яамдын дэргэд эрдэм шинжилгээний хүрээлэн ажиллах шаардлага байгаа юу. Нэг сургууль хангалттай байх газар хоёр сургууль барьсан тохиодол бий. Гэтэл Улаанбаатар хотод зарим хороо цэцэрлэггүй байгаа. Энэ бүх асуудлаа нэгтгэж, зардлын агуулгыг хуульчлах нь зөв. Үүнийг УИХ-ын гишүүд дэмжинэ гэдэгт итгэж байна. 


-Будаа, гурил, ургамлын тосыг татвараас чөлөөлснөөр хэдэн хувиар буух вэ?


-ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Мах, гурил бол үнийн өсөлтөд хамгийн их нөлөөлдөг. Нөгөө талдаа энэ хоёр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардал үнэ өсөх гол шалтгаан нь шатахуун. Тэгэхээр энэ гурван гол асуудлыг Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар зохицуулна. Энэ гурван бүтээгдэхүүнд тогтвортой үнийн бодлого барьж, нийлүүлэлт, нөөцийг нэмэх хэрэгтэй. Хамгийн энгийн жишээ гэхэд, өнгөрсөн жил 100 тэрбум төгрөгөөр нөөцийн мах бэлтгэсэн. Одоо 1 кг үхрийн махыг 8900 төгрөгөөр борлуулж байна. Тэгэхээр энэ мэт ажлыг цааш нь үргэлжлүүлнэ. Цагаан будаа, элсэн чихэрийг Монгол Улс 100 хувь импортоор авдаг. Бид гадаадын үнийн хөөрөгдөлд нөлөөлж чадахгүй. Тэгэхээр үүнд нөлөөлж чадах ганц зүйл нь гаалийн татвар.

Холбоотой мэдээ