86.5 га газарт 70 мянга гаруй модны суулгацаар ойжуулалт хийх нөөц бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-28 13:13:13

Ховд /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймаг 2030 он хүртэл нийт 20.0 сая мод тарихаар гэрээ байгуулсан.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр байгаль орчин, ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, албан байгууллагын удирдлагууд 2022-2023 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

Энэ үеэр тариалалтад гаргах, тарьц, суулгацын нөөц боломж, тариалалт хийх талбай болон бусад тоног төхөөрөмж зэрэг бэлтгэл бэлэн байдлыг хэрхэн хангах талаар ажлын төлөвлөгөө боловсрууллаа.

Тодруулбал, БОАЖГ, “Ховд сафари” ХХК, Үр жимс хоршоо, Сум дундын ойн анги зэрэг аж ахуйн нэгж болон 17 сум, төрийн байгууллага, мод тарих хүсэлтэй байгаа хувь хүмүүс Ховд аймгийн хэмжээнд нийт 86.5 га газарт 70 мянга гаруй тарьц суулгацаар ойжуулалт хийх нөөц бололцоо байгаа талаар албаныхан мэдээлэл хийлээ.

Иргэн, аж ахуйн нэгжид шаардлагатай байгаа зүйлс нь худаг, хүлэмж, төмөр тор, бетон шон зэрэг зүйлс юм. Иймээс эдгээр асуудлыг байгаа нөөц боломжийн хүрээнд шийдэж, мод тарих ажлыг эхлэхээр боллоо.

 

Холбоотой мэдээ