Цахим жишиг аймаг болох үйл ажиллагааг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-29 13:33:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Баянхонгор аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, E-Mongolia академи, “Эмпасофт" ХХК, ICT групп хамтран зохион байгуулж буй "Дижитал Баянхонгор" үйл ажиллагаа "Цахим шилжилтийг хүн бүрт" уриатайгаар өнөөдөр Баянхонгор хотноо нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд Баянхонгор аймгийн удирдлагууд, мэдээлэл технлогийн ажилтнууд оролцов. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат хэлсэн үгэндээ, "Энэхүү үйл ажиллагаа Улаанбаатар хотоос гадна Өмнөговь, Дорноговь, Өвөрхангайд болсон бөгөөд Баянхонгор дөрөв дэх аймаг болж байна. Хэн ч, хаанаас ч төрийн үйлчилгээг амар хялбар авч, цаг зав хөрөнгө мөнгөө хэмнэх нь нэн чухал болсон энэ цаг үед иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх асуудал бүх түвшинд тавигдаж байна. Тиймээс Баянхонгор аймгийн хувьд 2022 оны ажлын гол үзүүлэлт байгууллагынхаа үйл ажиллагааг хэрхэн цахимжуулсан бэ гэдэгт төвлөрнө" гэдгийг онцолж байв. 

Өнөөдөр Төрийн байгууллагын удирдлага, IT инженер, мэдээллийн технологийн ажилтнууд  “Цахим үндэстэн –Дижитал аймаг”, “Тогтвортой хөгжил- технологийн шийдэл, ач холбогдол”, “Дижитал орчинд ажиллах, чадварлаг хүмүүсийг бэлтгэх сургах боломжууд” сэдвээр сургалтад хамрагдаж, цахим шилжилтийг хаанаас эхлэх болон олон улсын туршлагын талаар мэдээлэл авч байна. Үдээс хойш төрийн байгууллагын нийт алба хаагчид байгууллагын дотоод үйл ажиллагааны цахимжилт, цахим ажилтан болон мэдээллийн аюулгүй байдал сэдвээр сургалтад хамрагдах аж.

Харин маргааш бизнес эрхлэгчид "Бизнесийн арга барил - технологийн хэрэглээ", "Дижитал үйлчилгээ, дижитал марктенг хийхэд анхаарах асуудал", "Сошиал медиагаар бизнесээ хөгжүүлэх нь" сэдвээр, ЕБС-ийн сурагчид "Мэдээлэл технологийн салбарын онцлог - ялгаанууд", "Цахим халдлага, түүнээс сэргийлэх аргууд", "Ирээдүйд үнэтэй мэргэжилтнүүд" сэдвээр тус тус мэдээллийг авах юм.

“Дижитал Баянхонгор” үйл ажиллагааны хүрээнд Орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох, Цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгөх, Төрийн цахим үйлчилгээг иргэдэд таниулах сургалт мэдээллүүд үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ