Газрын тос боловсруулах үйлдвэр: Шатахууны импортын хараат байдлыг хална

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-05-04 11:46:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоодын түүхий эдийн нөөцөд түшиглэсэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, түлш шатахууны хэрэгцээгээ ханган, эдийн засагт нефть-химийн шинэ салбарыг бий болгох зорилготой бүтээн байгуулалтын цогц төсөл Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж байна. Энэ бол “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” (МГТБҮ) ТӨХХК-ийн төсөл юм.


2025 онд ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөж буй энэхүү бүтээн байгуулалт нэн шинэ түүхтэй. 2017 оноос эхэлсэн БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэх МГТБҮ-ийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталжээ.


“Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийн төслийг ХЗДХЯ, СЯ, УУХҮЯ, АМГТГ, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг боловсруулж, Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, тухайн хууль, дагалдан гарах хуулийн төслийг УИХ-ын 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулж байжээ. Мөн “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг боловсруулан Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар баталсан байна. Ийм үе шатаар орж байж Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох шинэ хууль, эрх зүйн орчин нь бүрдсэн юм.

 

Технологийн бус барилга байгууламжууд 

Үйлдвэрийн бүтээн байгуулалтын эхний үе шат нь Технологийн бус барилга байгууламж (EPC1). Энэ ажлын гэрээг Ерөнхий гүйцэтгэгч БНЭУ-ын “JMC Projects India” компанитай 2020 оны 10 дугаар сард байгуулж, ажлыг 2021 оны 1 дүгээр сард эхлүүлсэн.

Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл болгож төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг монголчууд өөрсдийн нөөц бололцоог ашиглан хийж дууссан.

Энд БХЯ 17,5 км хүнд даацын авто зам, “УБТЗ” ХНН 27 км төмөр зам, 3,7 км холбоос зам, төмөр бетон гүүр, туннель, “ЦДҮС” ТӨХК 18,6 км 110кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/10кВ дэд станцыг барьж Улсын комисст хүлээлгэж өгөөд байна.

Мөн одоо эхний ээлжийн ажилчдын 550 айлын орон сууцны хотхон Сайншандад баригдаж байна. Үйлдвэрийн барилгын ажлыг гүйцэтгэх ажилтнуудыг эхний ээлжинд байрлуулах дээрх хотхоныг үйлдвэр ашиглалтад орсны дараа ая тухтай, орчин үеийн шийдэл бүхий орон сууцны хороолол болгон өргөжүүлэхээр төлөвлөсөн байна. Боловсруулах үйлдвэр барьж байгуулах нийт хугацаанд гадаад болон дотоодоос мэргэжилтэн, бусад салбарын 8 мянган ажилтан ажиллах юм.

 

Газрын тос дамжуулах хоолой

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компанийг сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлэх урилгыг олон улсад нэр хүнд бүхий Pipeline and Gas Journal сайтад 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр нийтлүүлж, олон улсад нээлттэй тендер зарлажээ. Төсөл хэрэгжүүлэх сонирхолтой гадаад, дотоодын 20 орчим компани урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт болон төслийг санхүүжүүлэх товч санал ирүүлсэн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр газрын тос дамжуулах хоолойн тендерийг нээж, үнэлгээний ажил явагдаж, гүйцэтгэгч тодорсон байдаг.

 

“Монгол Улсад газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” олон улсын нээлттэй тендерт БНХАУ-ын төрийн өмчит “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани шалгараад байна. Уг төслийн “Хамтран ажиллах ерөнхий гэрээ”-нд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, төслийг санхүүжүүлэгч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Барилга угсралтын  ажлын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компанийг төлөөлж ерөнхий менежер Жоу Диан Бин нар гарын үсэг зурах ёслол 2022 оны 4 дүгээр сард болсон юм.


Олон улсын нээлттэй уг тендерт Япон, Энэтхэг улсын тус бүр 1, БНХАУ-ын 2 компани оролцсон байна. Тэднээс дээрх компани шалгарч ерөнхий гэрээ байгуулж байгаа нь энэ. Төсөлд шаардлагатай 388 сая ам. долларыг “Эрдэнэс тавантолгой” ХК нүүрс экспортолж санхүүжүүлэх юм.  

Газрын тос дамжуулах хоолой барих маршрут. 530 км урт уг хоолой 3 аймгийн 9 сумыг дамжин баригдах юм.


Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутаг дэвсгэрт орших Тамсагийн сав газарт байрших газрын тосны хайгуулын талбайг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д олгох тухай тогтоолын төслийг Засгийн Газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар баталсан. Энэ дагуу Дорнод аймгийн Матад сум дахь газрын тос олборлолтын төв цэгээс Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийг холбосон 530 км түүхий нефть дамжуулах хоолойг барих юм. Уг хоолой 3 аймгийн 9 сумын нутаг дэвсгэрийг дамжсан бүтээн байгуулалт болно. “Норинко Интернэйшнл Кооперэйшн” түүхий тос дамжуулах хоолойг 3 жилийн дотор Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орохоос өмнө барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Түүхий тос дамжуулах хоолой нь газрын гүнд байрлах бөгөөд Монгол Улсад анх удаа баригдаж буй тээврийн шинэ төрөл төдийгүй зөвхөн цахилгаан эрчим хүч ашиглах, энерги зарцуулалтын хувьд хамгийн бага зардалтай, тээвэрлэх сав, тээврийн хэрэгсэл, тээврийн замын үүргийг нэг дор гүйцэтгэдгээрээ онцлог юм. Тус бүтээн байгуулалтын зураг төсөл, инженерчлэл, барилга угсралтын ажлыг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас удирдан зохион байгуулж гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах юм байна.

 

“Нефть, химийн үйлдвэр”-ийн шинэ салбар

Анхдагч процессын болон дагалдах байгууламж (EPC2)-ууд, Үйлдвэрийн цахилгаан станц (EPC3), Гүн боловсруулалтын лицензтэй технологийн ГТБҮ-ийн байгууламж (EPC4)-ууд гээд үйлдвэрийг байгуулах ажлууд үе шаттай үргэлжилнэ.  Тэр бүхэн өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, EPC3-т багтах барилга байгууламжид гэхэд бие даасан цахилгаан станц байх жишээтэй. Энэ цахилгаан станц үйлдвэрээс гарах шингэн түлшээр ажиллана. Энэ обьектын тендер тусдаа зарлагдана. Мөн EPC4 лицензтэй барилга байгууламжийн хувьд АНУ, Франц зэрэг орны дэлхийн нефть, химийн үйлдвэрлэгч том аж ахуйн нэгжүүдээс зөвшөөрөл авч барьдаг байх жишээтэй.


Монголчуудын барьж байгаа энэ үйлдвэр дэлхийн хэмжээнд томд тооцогдохгүй. Тиймээс нэр бүхий аж ахуй нэгжүүдээс зөвшөөрөл (лиценз) авах болоход тэдний хувьд “жижиг” хэмжээний төсөлд оролцохгүй гэх шалтаг хэлэх явдал гарсан аж. Гэхдээ үйлдвэрийн шинэ залуу хамт олон энэ бүх ажлын ард гарч байгаа таатай мэдээ байна. Тухайлбал, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь Монгол Улсад баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн гүн боловсруулалтын патенттай технологийн лиценз эзэмшигчдийн сонгон шалгаруулалтаа дуусч, лиценз эзэмшигч компаниудтай ээлж дараалан гэрээ байгуулж эхэлжээ. Өнгөрсөн 4 дүгээр сард Газрын тос боловсруулах үйлдвэрийн Хүхэр ялгах байгууламжийг Францын “Аксенс” компанийн лицензээр барихаар болж, гэрээ байгуулжээ. Мөн АНУ-ын “Honeywell UOP” компанийн лицензээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн гүн боловсруулалтын технологийн 4 байгууламжийг барихаар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.


Ер нь ийм төрлийн барилга байгууламжийг хөрсөн дээр босгохын тулд түүнээс их ажлыг газрын хөрсөнд суулгаж өгөх хэрэгтэй байдаг аж. Газрын хөрсөн дээрх барилга обьектийг бий болгохын тулд өнгөрсөн хугацаанд их ажил амжуулжээ. Монгол Улс төдийгүй дэлхий нийтээрээ хөл хорионд байсан 2020, 2021 онд тус үйлдвэрийнхний хийж гүйцэтгэсэн ажил чамлахааргүй амжилтад хүрч чадсан юм. 

Үйлдвэр баригдаж ашиглалтад орсноор Монгол Улсад “нефть, химийн үйлдвэр”-ийн шинэ салбар хөгжих үүд хаалга нээгдэнэ.

 

Үйлдвэрийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж

Юуны өмнө Монгол Улс стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн болох бензин, шатахуунаа Алтанширээгийн МГТБҮ-т үйлдвэрлэх боломж нээгдсэнээр газрын тос үйлдвэрлэгч орон болж түлш, шатахууны импортын хараат байдлаас гарна. Бүс нутаг дахь улс төр, эдийн засгийн бие даасан байдал нэмэгдэнэ.

Цаашлаад дээр дурдсан шиг аж үйлдвэрийн цогц хөгжлийн чухал нэг хэсэг болох нефть-химийн үйлдвэрийн суурь тавигдаж, техник технологийн шинэ дэвшлийг Монголд нутагшуулах юм. Улсын болоод орон нутгийн төсөвт төвлөрөх төрөл бүрийн татвар, хураамж ч нэмэгдэх нь тодорхой. Зөвхөн үйлдвэрт 600 ажлын байр шинээр бий болох төдийгүй шууд бус ажлын байрууд олноор нэмэгдэнэ. Гадагш гарах валютын урсгал буурч, валютын ханш тогтворжино.

Эдгээрийн үр дүнд ДНБ 10 гаруй хувиар өсөх урьдчилсан тооцоолол гараад байна. Энэ утгаараа Алтанширээ дэх  газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг Монгол Улсыг хөгжилд хөтлөх төслүүдийн нэг хэмээн зүй ёсоор нэрлэж болох юм.

 


Үйлдвэрийн үндсэн өгөгдөл:

Хүчин чадал: Жилд 1.5 сая тн газрын тос боловсруулах


Үйлдвэрийн байршил: Дорноговь аймаг, Алтанширээ сум


Боловсруулах тос: Тосон уул XIX & Тамсаг XXI талбайн тос


Бүтээгдэхүүний чанар: MNS & EURO V


Жилд ажиллах хугацаа: 8000 цаг


Гүн боловсруулалтын технологи: Гидрокрекинг + Висбрекинг


Эрчим хүчний эх үүсвэр: ДЦС 35 МВт/цаг


Үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн:                 

         -Автобензин 339 мян.тн                 

        -Дизель түлш 824 мян.тн                  

        -Онгоцны түлш 80 мян.тн                

         -Шингэрүүлсэн шатдаг хий 43 мян.тн                

         -Зуухны түлш 47 мян.тн байна. 


Холбоотой мэдээ