Чех-Монголын худалдааны танхимын дэд ерөнхийлөгч Архангай аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-05-16 15:23:15
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг Бүгд найрамдах Чех улстай хөдөө аж ахуй, боловсролын салбарт хамтарч ажилласан туршлагатай.
2021 оны 10 дугаар сард БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродски Архангай аймагт албан айлчлал хийхэд Засаг дарга М.Батжаргал хамтран ажиллах тодорхой саналуудыг уламжилж байсан.
Цэцэрлэг хотод тулгамдаад байгаа дулааны станц, ундны усны шинэ эх үүсвэр бий болгоход Чех технологийг нэвтрүүлэх талаар Засаг даргын тавьсан саналын дагуу өнөөдөр БНЧУ-ын Чех-Монголын худалдааны танхимын дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Архангай аймагт ажиллалаа.
Уулзалтад аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Бадрах, МҮХАҮТ-ын Архангай салбар танхимын дарга Ч.Мөнхбат, Архангай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Д.Тунгалаг нар оролцлоо.
БНЧУ-ын Чех-Монголын худалдааны танхимын дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан :
-Элчин сайд асан Ийржи Бродскиг Архангай аймагт ажиллах үеэр Засаг даргаас тавьсан саналууд судалгааны түвшинд явж байна. БНЧУ-аас Монгол Улсад суух Элчин сайд солигдож ноён Ян Вытопил томилогдсон. БНЧУ болон Архангай аймаг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр та бүхний саналыг сонсож, дараагийн ажил хэрэгч уулзалтад бэлтгэж байна гэв.
БНЧУ-ын Чех-Монголын худалдааны танхимын дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь Чех улсад амьдардаг бөгөөд өөрийн туршлага, гадаад харилцаагаараа Архангай аймгийн зон олонд тустай үйл хийх хүсэлтэйгээ ч илэрхийлж байлаа.
Холбоотой мэдээ