“Эх орон гэр бүлээс эхтэй” өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-05-16 16:19:07

Төв /МОНЦАМЭ/ Олон улсын Гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Эх орон гэр бүлээс эхтэй” уулзалт, өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааг Төв аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Төв Орон нутгийн хөтөлбөр, Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг Төв аймаг дахь салбар, Хуурай замын цэргийн командлалтай хамтран зохион байгуулсан юм. Гэр бүлийн үнэ цэн, хамтын амьдралын утга учир, эцэг, эхийн хамтын үүрэг хариуцлагыг таниулах, үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэх, гэр бүлдээ цаг гаргах, бие биенээ ойлгох, хүндлэх зорилготой уг өдөрлөгт 56 гэр бүл оролцлоо.

Тус өдөрлөгөөр гэр бүлийн харилцаа, гэр бүл төлөвлөлт, хүүхдийн эерэг хүмүүжил зэрэг сэдвээр хэлэлцсэн бөгөөд оролцогчид гэр бүлдээ тулгамддаг асуудлууд тэр дундаа хүүхдийн хүмүүжил төлөвшлийн тухай хөндөж ярилцав.

Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “ Үйлдлээрээ- Үлгэрлэе” сарын аяныг 5 дугаар сарын 1-нээс эхлэн зарласан бөгөөд тус аяны хүрээнд эрэгтэйчүүдийн эрсдэлт зан үйлд нөлөөлөх “Өөрийгөө өөрчилье" сургалт, нөлөөллийн ажлыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, "Аз жаргалын хөг аялгуу” Нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж, нийт 28 эрэгтэй хамрагдсан байна. Мөн гэр бүлийн цэнгээнт нэвтрүүлэг, Аавуудын зөвлөгөөн зэрэг ажлыг төлөвлөжээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ