У.Хүрэлсүх: Тэрбум мод тарих хөдөлгөөн нь хөрсөө хамгаалах маш том алхам юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-05-17 15:51:35

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллалаа. Энэ сарын 16-нд газар тариалан эрхлэгчидтэй уулзалт хийсэн бол өнөөдөр өглөө Дархан хотын “Шинэ иргэний төгөл”-д иргэдийн хамт мод тарилаа. 

Энэ жилээс эхлэн есдүгээр багийн нутаг дэвсгэрт шинээр төрсөн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан  “Шинэ иргэний төгөл”-ийг байгуулсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд төрсөн гурван хүүдийн эцэг, эхийн хамт мод тарьж тэдгээр гэр бүлийнхэнд болон тус газар мод тарьж буй иргэдэд сайн сайхныг хүсэн ерөөж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож буйд талархал илэрхийллээ.

Иргэдэд хандан хэлсэн үгэндээ: Улсын нийт газар нутгийн найман хувь нь ой модтой, тиймээс иргэн бүр мод тарих хөдөлгөөнийг чин сэтгэлээсээ дэмжих нь чухал.

Дархан-Уул аймгийн удирдлагуудаас бусад аймгийн удирдлагууд үлгэр жишээ авч, хэрэгжүүлэх хэрэгтэй. Арван жилийн хугацаанд 20 сая мод тарихаар шинжлэх ухаанчаар  хандан төлөвлөж, хийж хэрэгжүүлж, аливаад сэтгэл, зүтгэлтэй оролцож байгаад баярлалаа. Бид тэрбум модыг арван жилийн хугацаанд тариад зогсох биш цаашид ч үргэлжлүүлэх ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолж байлаа.

Мөн Тэрбум мод тарих хөдөлгөөн нь хөрсөө хамгаалах маш том алхам болж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, салхи, шуурга, элэгдэл хорогдлоос хөрсөө хамгаалахын тулд хүн бүр мод тарьж, эх орныхоо ногоон ирээдүйн төлөө хамтдаа зүтгэе. Хөрсний үнэ цэнийг Дархан, Сэлэнгийнхэн илүү их мэднэ. Хөрс бол тусгаар тогтнол, хөрс бол хүний амьдрал. Хүн ардаа эрүүл хүнсээр хангахын тулд хөрсөө хамгаалах нь чухал, тиймээс хөрс бол хүнс юм. Хөрсийг хамгаалах арга нь мод тарих юм гэв.

Ташрамд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, "Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 15.7 мянган га талбайд ногоон байгууламж, ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын зурвасыг байгуулан, арван жилийн хугацаанд нийт 20.0 сая мод тарьж ургуулахаар зорин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 105 мянган мод тарьжээ.

 

Холбоотой мэдээ