“Хүүхэд бүрт-Тэгш боломж ЭЕШ-2022” хөтөлбөрт 1762 сурагч хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж байгаа “Хүүхэд бүрт-Тэгш боломж ЭЕШ-2022” хөтөлбөрөөс 12-р ангийн сурагчдад зориулсан онлайн сургалтыг өнгөрөгч 2 дугаар сарын 7-ны өдрөөс Goodschool.mn сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулж байна.
Тус хөтөлбөрт англи хэл, математик, хими, биологи, физик, нийгмийн ухааны хичээлээр Архангай аймгийн ерөнхий боловсролын 20 сургуулийн 863 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх үндсэн хоёр хичээлээрээ сонголтоо хийж хамрагдаж байна.
Goodschool.mn сургалтын байгууллагын шилдэг 20 багш, Архангай аймгийн 22 багш туслах багшаар ажиллаж байна. Туршлага судлахаар 40 багш хичээл сургалтын үйл ажиллагаанд оролцож байна. Математикийн хичээлээр 469 хүүхэд 6 ангид, нийгмийн хичээлээр 376 хичээлээр 5 ангид, англи хэлний хичээлээр 306 сурагч 3 ангид, химийн хичээлээр 204 сурагч 3 ангид, биологийн хичээлээр 221 сурагч 3 ангид, физикийн хичээлээр 170 сурагч 2 ангид нийт 6 төрлийн хичээлээр 1762 сурагч онлайн хичээлдээ хамрагдаж байна.
Хичээл сургалтын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Goodschool.mn ерөнхий боловсролын удирдлага, анги удирдсан багш нартай 7 хоног бүр цахим хурал хийж байна.