Аймгийн дарга мод үрсэлгээний компаниудын ажилтай танилцлаа
ТЭРБУМ МОДСэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг нийлүүлэгч аймаг болох эрхэм
зорилгыг тавиад байгаа. Монгол Улсын мод үржүүлгийн цөм цэг Сэлэнгэ аймагт бий.
Улсын хэмжээний 9 сая суулгацын 8 сая нь дангаараа тус аймагт байгаа аж. Мод
үржүүлгийн гол бааз Ерөө сумын Бугант тосгон. Мөн Мандал, Түнхэл, Алтанбулаг,
Шаамар, Хүдэр гээд ойн сан бүхий газар нутагт мод үржүүлгийн чиглэлээр үйл
ажиллагаа эрхэлж буй мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, нөхөрлөлүүд олон байдаг
юм. Энэ утгаараа Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж мод үржүүлгийн гол
бүс Бугант тосгоныг зорьж, нийлүүлэгч аймаг болоход тухайн үйлдвэрлэгч бүсэд
тулгарч байгаа саад бэрхшээл юу байгааг, хэрхэн шийдвэрлэж болохыг
үйлдвэрлэгчидтэй харилцан ярилцаж, бодит байдалтай газар дээр нь танилцлаа. Уулзалтанд
аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Түвшинтөгс, Ерөө сумын Засаг дарга Б.Сэргэлэн, Бугант
тосгоны захирагч Д.Эрдэнэбулган, Ерөө бүсийн сум дундын ойн анги, Бугант
тосгонд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 14 мэргэжлийн
байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцлоо. Уулзалтын дараа аймгийн дарга мод
үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй мэргэжлийн байгууллага, аж ахуйн
нэгжүүд болон сум дундын ойн анги, нөхөрлөлүүдээр орж бодит байдалтай
танилцлаа.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Ерөө сумын Бугант тосгонд
ажиллахдаа хэд хэдэн ААН-ээр орлоо. Тодруулбал:
-“Бугант минж” ХХК нь 2008 онд “Өнөр-Эрдэнэ” ойн нөхөрлөл байгуулж, ойн
санг гэрээгээр эзэмшиж, ойг нөхөн сэргээх, хамгаалах, мод үржүүлэх чиглэлээр
үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 2011 оноос ойн мэргэжлийн байгууллага болохоор
“Бугант минж” ХХК байгуулж үйл ажиллагаагаа өргөтгөсөн байна. Түүнээс хойш ойг
нөхөн сэргээх зорилгоор мод үржүүлэг, ойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж, 2014 оноос үйлдвэрийн ашиглалт хийх
эрхийн дагуу ойд арчилгаа цэвэрлэгээ хийх мөн жил бүр 10-15 га талбайд өөрийн
хөрөнгийн ойжуулалт хийж, ойжуулалтын ажилд тогтмол оролцдог болжээ. Эднийх
өнгөрөгч 2021 онд 116.700 ширхэг тарьц суулгац бойжуулж, 2022 онд 5 настай
нарсны тарьц 400 ширхэг, 1500 ширхэг шар хуайс, бүйлс, монос, шинэс зэрэг тарьц
суулгацыг зах зээлд нийлүүлсэн байна.
-Бугант
тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Бугант” группын хамт олон юм. Энэ групп 100
шахам жилийн түүхтэй мод бэлтгэлийн аж ахуйг зах зээлийн жамаар хөгжүүлэхэд
чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байдаг. 1992 онд зах зээлийн системд шилжсэний
улмаас “Бугант” групп ХХК-ийн зохион байгуулалтад орж, тав хуваагдсан ч
өнөөдрийг хүртэл зах зээлийн уналт босолтыг хамтдаа давж, сэтгэл нэгдэн ажиллаж
яваа ажээ. Эдгээр тав хуваагдсан компаний нэг нь “Сосна” ХХК юм. Тус ХХК-ийн
хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний
хөтөлбөрийг дэмжиж нийлүүлэгч аймаг болох их аянд түүчээлж ажиллахаар цаг
нартай уралдан, технологийн дагуу тарьц суулгац үржүүлэх ажилдаа оржээ.
-С.Батсүх захиралтай “Бугант нандин” ХХК нь мод үржүүлэг, нөхөн сэргээлт буюу ойжуулалт, ойд арчилгаа цэвэрлэгээ болон үйлдвэрийн зориулалтаар ашиглалт хийх эрхийн дагуу үйл ажиллагаа эрхлэг. Ажлын дадлага туршлага хуримтлуулж чадсан энэ хамт олон байгаль орчны нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллага болсноор эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж орон нутагтайгаа хамтран ажилладаг байна. Мөн эднийх мод бэлтгэх эрхийн дагуу сум орон нутгаас батлан гаргасан хуваарийн дагуу ойд арчилгаа цэвэрлэгээний огтлолт хийх, ойнг санг гэрээгээр эзэмших, үйлдвэрийнхээ түүхий эд болох модоо ойгоос хуулийн дагуу бэлтгэн авч үйлдвэр дээр боловсруулж ямар ч хаягдал гаргалгүйгээр 100 хувь эцсийн бүтээгдэхүүн хийж зах зээлд нийлүүлж байгаа аж. Тухайлбал энгийн болон сийлбэртэй гэр, гэрийн тавилга, буйдан болон бүх төрлийн модон тавилгуудыг захиалгаар хийж байна. Бүтээгдэхүүний нэр төрлөө жилээс жилд нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ өргөтгөж чадсанаар жилд дунджаар энгийн гэрийн мод 100 гаруй, сийлбэртэй том жижиг иж бүрэн гэр тавилгын хамт 10 гаруйг үйлдвэрлэж худалдаанд гаргадаг аж. Мөн түүнээс гадна монгол гэрийн иж бүрэн тавилга, хүрзний иш, сандал ширээ, ахуйн тавилга гээд 30-аад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна үйлдвэрлэлээ өргөжүүлж буйдангийн цех байгуулжээ. Энэ цех 20 гаруй загварын буйдан үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа гэв. “Бугант нандин” ХХК-ний хамт олон модыг зөв зохистой ашиглахын тулд хаягдалгүй ашиглах арга замыг эрэлхийлж, илүү нарийн хаягдалгүй боловсруулах техник тоног төхөөрөмж судалж өргөжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа гэлээ. Тус компанийн бараа бүтээгдэхүүн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай, харьцангуй хямд борлуулагддаг байна. Одоогоор 20 гаруй загварын буйдангуудаа Дархан-Уул аймагт лангуу ажиллуулж тогтмол борлуулж байгаа. Цаашид аймгийн төв, Улаанбаатар хотын зах зээлд борлуулах зорилт тавьж байгаа аж. Түүнчлэн эднийд 2х80, 2х90 хэмжээтэй стандартын дагуу үйлдвэрлэсэн цэвэр модон хаалганууд 750.000 мянган төгрөгөөр худалдаалж байгаагаас гадна бүх төрлийн бараа материалын захиалга авч хэрэглэгчдэд нийлүүлж байгаа гэв.