Улсын төв эмнэлгүүдийн эмч нарын баг Өвөрхангайд үзлэг оношилгоо хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол
Улсын хүний гавьяат эмч З.Лхагвасүрэнгээр ахлуулсан судсан дотуурх мэс заслын
мэргэшлийн үндэсний баг Өвөрхангай аймгийн БОЭТ-д ажиллалаа.
Хөдөө орон нутгийн Нэгдсэн
эмнэлэгт судсан дотуурх мэс засал, ажилбарыг нутагшуулах, ЭМЯ-наас суурилуулсан ангиографийн
аппаратын ашиглалтыг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг,
чиглэлийн дагуу улсын 1,2,3 дугаар төв эмнэлгүүд хамтран мэргэшлийн
баг бүрдүүлэн 5 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт ажилласан юм.
Энэ
үеэр зүрхний цочмог шигдээстэй, 59 настай иргэнд яаралтай цусны урсгал нээн тэлэгч тавих эмчилгээг хийсэн бол зүрхний титэм судсан дотуурх оношилгоог 14, титэм
судсан дотуурх эмчилгээг 5, тархины
судсан дотуурх оношилгоог 11, тархины судасны доплерграфийн
шинжилгээг 10, доод мөчний хөлийн судасны
флебографияг 3, элэгний хавдрын тэжээгч судсыг
бөглөх эмчилгээг 1 эмчлүүлэгчид тус тус хийсэн байна.
Мөн
тархины
харвалт, зүрхний шигдээс болон элэгний хавдартай нийт 30 гаруй эмчлүүлэгчид
хамтарсан үзлэг хийж, харвалт,
шигдээсийн нэгжийн зохион байгуулалт, тусламж үйлчилгээний менежмент, тархины
харвалтын үеийн бүлэн хайлуулах эмчилгээний менежментийн талаар аймгийн эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулан ажлын
байранд чадавхжуулжээ.
Өвөрхангай аймгаас жилд 100
гаруй хүн титэм судасны оношилгоо хийлгэхээр Улаанбаатар хотыг зорьдог бөгөөд ангиографийн
аппаратын тогтвортой ажиллагааг хангаж, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулснаар
орон нутагтаа энэ төрлийн эмчилгээ, оношилгоог хийлгэх боломж бүрдэнэ.



