Биеийн тамирын хичээл дээр амны хаалттай сурагч ухаан алдсан гэдэг ташаа мэдээлэл гэв

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2022-05-23 16:03:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсны улмаас хүүхэд амьсгалын дутагдалд орж, эмнэлэгт хүргэгдэн амиа алдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Энэ тухай БШУЯ, Боловсролын ерөнхий газраас тайлбар өглөө.


Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох, “Өнгөрсөн долоо хоногт хүүхэд биеийн тамирын хичээлд орж бэртэж гэмтсэн талаар мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотой амралтын өдрүүдэд тодруулж, бүх сургуультай холбогдож мэдээлэл авсан. Нийслэлийн нэр бүхий нэг сургуульд хүүхэд бэртэж гэмтсэн хэрэг гарсан. Биеийн тамирын хичээл дээр амны хаалттай сурагч ухаан алдсан мэдээлэл байхгүй. Харин зургаадугаар ангийн нэгэн сурагч биеийн тамирын хичээлд орох гэж байгаад хичээлийн бэлтгэл зааварчилгаа өгч байх үед бэртэж гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл авсан. Эцэг, эхчүүд нь ирж тухайн сургуулийн нөхцөл байдалтай нь танилцсан. Тус сургуулийн гаднах камерын бичлэгт хүүхэд гадны гадны нөлөөнөөс болж бэртээгүй, амны хаалттай байгаагүй нь илэрсэн. Тухайн хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь дээрдсэн. Мөн биеийн тамирын хичээлтэй холбоотой хүүхэд нас барсан тохиолдол байхгүй.  Тавдугаар сарын 13-нд зүрхний өвчний оноштой 10 дугаар ангийн хүүхэд гэртээ нас барсан тохиолдол гарсан. Энэ нь сургууль, биеийн тамирын хичээлтэй холбогдолгүй болохыг мэдэгдье” гэв.


Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хэлэхдээ, “Он гараад “Ковид-19” халдварын  тохиолдлын тоо буурч, сургууль, цэцэрлэгүүд танхимаар хичээллэх болсонтой холбоотой сургууль, цэцэрлэгийн орчинд амны хаалтгүй хичээллэж болох эсэх талаар Боловсролын ерөнхий газар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад бичиг явуулж, зөвлөмж авсан. Үүний дагуу Боловсролын ерөнхий газар 3 дугаар сарын 16-ны өдөр биеийн тамирын хичээл, дугуйлангуудыг амны хаалтгүй хичээллүүлнэ гэх албан бичгийг улсын хэмжээний бүх сургууль, цэцэрлэгт хүргүүлсэн. Нийслэлийн бүх биеийн тамирын багш нарыг дүүргээр бүлэглэж, аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газруудаас сурагчдыг амны хаалтай хичээллүүлж байгаа эсэх талаар болон гарч буй хүндрэлийн талаар мэдээлэл авсан. Одоогоор биеийн тамирын багш нар болон удирдлагууд, ялангуяа орон нутагт амны хаалтгүй хичээллэж хэвшсэн, томуугийн дэгдэлтийн ханиад хүрсэн хүүхдүүд амны хаалт зүүж байгаа гэх хариулт ирүүлж байгаа" гэлээ.


Ташрамд дурдахад, амны хаалттай дасгал хөдөлгөөн хийх үед хүний амьсгалж буй хүчилтөрөгчийн хэмжээ багассанаар хүчилтөрөгчийн дутагдалд орж амь насаа алдах аюултай гэдгийг ДЭМБ-аас зөвлөдөг.

-Дасгал хөдөлгөөнөөр хичээллэх явцад амны хаалт хэрэглэж болохгүй. Учир нь чөлөөтэй амьсгалахад хүндрэл учруулдаг

-Хөлс, шүлс нь амны хаалтыг норгож, нянгийн өсөлтийг бий болгож, хүчилтөрөгчийн хэрэглээг бууруулдаг

-Дасгал хөдөлгөөнөөр хичээллэхдээ бусдаас дор хаяж 1.5-2 метрийн зайг барьж халдвараас урьдчилан сэргийлэхийг ДЭМБ зөвлөмж болгодог юм.

Холбоотой мэдээ