Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд боловсон хүчин дутагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-05-27 15:20:37

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны төлөөлөгчид ӨЭМТ-үүдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ сард төлөөлөгчид “Амин холбоо ӨЭМТ-д ажиллаж тулгамдсан асуудал, үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа. Тус эмнэлэг нь Дархан сумын 13, 14, 16 дугаар багийн 15 мянган иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг аж.

Уг ӨЭМТ-д эмч, сувилагч, ажилчид нийт 27 хүний ажлын байр төлөвлөсөн ч Өрхийн эмнэлэгт ажиллах боловсон хүчин дутагдаж байгааг эмнэлэгийн удирдлагууд онцолж байлаа. Учир нь Өрхийн эмнэлэг нь ачаалал их, цалин бага, өөрсдийн нөөц бололцоо нь иргэдийн хүсэж буй хүлээлтийг хангаж дийлэхгүй байгаа учир эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд удаан хугацаагаар ажилладаггүй ажээ. Тухайлбал уг эмнэлэгт долоон эмч ажиллах ёстой ч одоогоор дөрвөн эмч л гурван багийн 15 мянган иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг амбулаториор болон гэрээр үзүүлж байна.

Нэг эмч өдөрт 50-60 хүнд үзлэг хийж, үүний зэрэгцээ иргэдийг бүртгэлжүүлэх, цаг үеийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус олон нийтийг хамарсан олон ажлыг давхар гүйцэтгэх шаардлагатай тулгардаг. Тиймээс Өрхийн эмнэлгүүдэд ихэвчлэн шинэ залуу, сургуулиа төгссөн эмч нар ажиллаж, иргэдэд үйлчилдэг аж.

Мөн Амин холбоо ӨЭМТ нь 230 м2 талбай бүхий байртай. Уг барилга нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд талбай бага, чанар стандартыг төдийлэн хангаагүй учир барилгыг засварлах, өргөжүүлэх асуудалд анхаарлаа хандуулахыг аймгийн ИТХ-ын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны төлөөлөгчдөөс хүслээ.

Төлөөлөгчид тулгамдаж буй асуудлуудыг аймгийн ИТХ, Засаг даргын бодлого шийдвэрт тусган шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж ажиллах болно гэв. 

Холбоотой мэдээ