Сэлэнгэ аймгаас 65 алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцжээ

ОРОН НУТАГТ | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2022-05-28 20:35:45

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн 0101 дүгээр ангиас "Цэнхэр дуулгатнууд"  хүндэтгэлийн үйл ажиллагааг энэ сарын 27-ны өдөр тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулжээ.  

Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны түүхт 20 жилийн ой, дэлхийн энхийг сахиулагчдын баяр тохиож буй өдөрт зориулсан эл үйл ажиллагаанд Сэлэнгэ аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, орон нутгийн иргэд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид урилгаар оролцсон байна. Энэхүү энхийг дэмжих ажиллагаанд Сэлэнгэ аймаг дахь хүчний байгууллагуудаас нийт 65 алба хаагч оролцож, эх орныхоо нэрийг дэлхийд гаргахын зэрэгцээ хатуужил, зориг тэвчээр, оюун ухааныхаа чадварыг харуулж иржээ.

"Цэнхэр дуулгатнууд"-даа үзүүлж буй хүндэтгэлийн үйл ажиллагааны төгсгөлд энхийг дэмжих ажиллагаанд улс эх орноо төлөөлөн амжилттай оролцсон 21 алба хаагчийг Хил хамгаалах байгууллагын болон бусад шагналаар шагнаж урамшуулав. Мөн энэ үеэр Монгол Улсын Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт болсон аж. Үйл ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дэргэдэх цэргийн штабаас ХЦДБЧ-ын уран бүтээлчдэд талархал хадгалуулан, уран бүтээлд нь амжилт хүссэн байна.



Холбоотой мэдээ