"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" төгөл байгуулахаар мод тарив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-30 16:44:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрт шалгарсан хүүхдүүдийн төлөөлөл өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 ширхэг шар хуайс мод тарилаа.


Мод тарих хугацаа өнгөрсөн тул зориулалтын бортоготой суулгацыг тарьж байгааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтэн дурдаад, шар хуайс тарихдаа бортогоноос 10см гүн нүх ухаад, үндсийг нь ил гарган, салхи оруулахгүйгээр, шороогоо сайн чигжиж суулгаад, тогоог нь тойруулж зөөлөн услахыг зааварчилж байлаа.


Нийслэлийн Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг багасган, ногоон байгууламж нэмэх, олон нийтийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эко орчин бүрдүүлсэн амралт зугаалгын төв болгох зорилготойг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төлөөлөл тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсалд батламж гардуулав.


Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал энэ үеэр ярихдаа, "Ерөнхийлөгчийн илгээлт-2100 бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан 350 хүүхэд бий. Тэдний төлөөлөл “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” төгөл бий болгохоор мод тарьж байна. Ингэснээр эх орныхоо байгальд өөрсдийн хувь нэмрээ оруулахаас гадна хилийн дээс алхан сурч боловсроод Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцох юм. Хөтөлбөр үргэлжилж, жил бүр тэнцсэн хүүхдүүд энд мод, бут нэмж тарьснаар төгөл бий болгоно” хэмээсэн юм.




Хөтөлбөрт хамрагдсан оюутан Б.Мөнхзаяа: “ШУТИС-д статистикийн чиглэлээр сурч байгаад, Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, англи хэлний бэлтгэлдээ хамрагдлаа. Цаашид АНУ-д сурахыг зорьж байгаа. Манай хэлний бэлтгэлээс 10 гаруй хүүхэд ирж мод тарьж байна. Гадаадад сураад эргээд ирэхэд тарьсан мод маань сайхан ургачихсан байна гэж найдаж байна” гэлээ.  




Хөтөлбөрт тэнцсэн оюутан Ч.Хишигбаяр: “Хөвсгөл аймгийн Галт сумаас “Ерөнхийлөгчийн илгээлт- 2100 хөтөлбөрт шалгарсан. СУИС-ийн жүжигчний ангид сурч байснаа орхиод орос хэлний бэлтгэлд суралцсан. Жүжигчний мэргэжлээ үргэлжлүүлэн, ОХУ-ын их сургуульд ур чадварын шалгалт өгч сурах сонирхолтой. ШУТИС-ийн хэлний сургуулийн орос хэлний ангид суралцсан. Хөтөлбөрт тэнцсэн 350 оюутнаас орос хэл сонгосон 13, мөн урлагийн чиглэлээр явах хоёрхон оюутан байгаагийн нэг нь би. Өнөөдөр тарьсан мод маань сайхан ургаж, төгөл болно гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм. 



Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Баянзүрх дүүргийн Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэл 973 га газар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөснөөс 183 га-д ерөнхий төлөвлөгөө хийж, нийт талбайн 15 хувийг тохижуулж, 85 хувьд нь ногоон байгууламж бий болгохоор төлөвлөжээ. Энд 22 төрлийн мод сөөг тарих боломжтой гэсэн дүгнэлт гарснаар ногоон байгууламж тарьж байна. Тус талбайд 32 зүйлийн 148 000 ширхэг мод сөөг тарьсны 98,5 хувь нь амжилттай ургаж байгаа. Тэдгээрийн 3.5 хувь нь шилмүүст мод, 22.3 хувь нь навчит мод, 9.5 хувь нь гоёл чимэглэлийн бут, сөөг, 64.6 хувь нь сөөг буюу ургамалан хашлага байгаа аж.



 

Холбоотой мэдээ