"Starship" тойрог замын анхны нислэгээ ирэх сард хийж магадгүй

ДЭЛХИЙД | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-06-15 11:33:29

ВАШИНГТОН. /TASS/. Америкийн “SpaceX” компанийн бүтээсэн “Starship” сансрын хөлөг тойрог замын анхны нислэгээ долоодугаар сард хийж магадгүй тухай тус компанийг үүсгэн байгуулагч Илон Маск мэдэгдлээ.


““Starship” ирэх сард нисэхэд бэлэн болно” гэж тэрбээр твиттер хуудсандаа бичжээ. Маск уг хөлгийг дэлхийн нам тойрог зам руу илгээхэд бэлэн байгаа эсэх талаарх олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн нэгийнх нь асуултын хариуд ийнхүү бичсэн байна. 


“SpaceX” компани “Starship” хөлгөө дэлхий орчмын тойрог зам руу тавдугаар сард илгээхээр төлөвлөж байгаа тухай Маск гуравдугаар сард мэдээлж байсан юм. 


Олон удаа ашиглах зориулалттай сансрын уг хөлгийг Ангараг гараг руу болон гараг хоорондын бусад нислэгт зориулан бүтээсэн бөгөөд 100 хүний багтаамжтай. Үүнээс гадна, Маскийн хэлснээр “Starship” нь сансрын нисэгчдийг саран дээр буулгах боломжтой байна. Хөлгийн туршилтын загваруудыг хэд хэдэн удаа туршсан боловч туршилтын нислэгүүдийг одоогоор зөвхөн дэлхийн агаар мандал дотор хийжээ. “Starship”-ийн нислэгийн бүх туршилтаас 2021 оны тавдугаар сард явуулсан сүүлчийнх нь л эвдрэл сүйрэлгүй болсон байна. 


Холбоотой мэдээ