Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бурхан багшийн их дүйчин өдрийг манай улс энэ жил өргөн хүрээнд тэмдэглэлээ.
УИХ-аас 2019 онд шийдвэр гаргаж Бурхан багшийн их дүйчин өдрийг Бүх нийтийн амралтын өдөр болгосон. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын хөл хорионоос үүдэн тэмдэглээгүй юм. Харин өчигдөр өглөө үүрийн 4 цагаас эхлэн лам хуврагууд Их хөлгөн судрын нэг “Нэг өдрийн сахил”-ыг авч хурал номоо эхлүүлсэн юм. Бурхан багшийн их дүйчин өдрөөр өглөө 8 цагаас нийслэлийн төв талбайд сүсэгтэн олон цуглаж, лам хуврагууд ном айлдаж буяны үйлсэд даган баяслаа.
Бурханы шашныг сурталчлах өдөрлөг болов
Бурхан багшийн чого буюу бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдрийн номын айлтгалыг сүм хийдүүдэд хурсан юм. Сүсэгтэн олонд зориулсан хөтөлбөр Д.Сүхбаатарын талбайгаас эхэлж Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, лам хуврагууд Эзэн Богд хааны сан айлдав. Мөн төв талбайд цугласан сүсэгтэн олонд сэтгэлийн амар амгаланг айлтгаж нийтээр цөөн хором бясалгал хийж буян хишиг дэлгэрэхийг уриалсан юм.
Нийслэлийн төв талбайд бурханы үйлийг даган баясахаар 1000
гаруй сүсэгтэн олон цуглажээ. Гэр бүл, найз нөхөд, ойр дотныхоо хэн бүхэнд сайн
сайхныг хүсэж буян хураахыг тэд уриалж байлаа.
Бурханы шашныг сурталчлах өдөрлөгийн үеэр цам харайх ёслол үйлдэв. Үүний дараа ёслол хүндэтгэлийн сүрт жагсаалд оролцогчид Гандантэгчэнлин хийдийг зорисон юм.
Бурхан багшийн цахиур, эрдэнийн их ринсрэлийг
Батцагаан дуганд залав
Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан бурхан
багшийн цахиур болон эрдэнийн их ринсрэлийг Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин
хийдийн Батцагаан дуганд залав.
Бурхан багшийн цахиур буюу шүдийг XVI зууны
үед Абтай сайн хаан Төвөдөөс Монголд авчирч Эрдэнэзуу хийдэд залж байжээ. Харин
ринсрэл буюу бурхан багшийн нэг хэсэг гэж нэрлэдэг шүтээнийг манай улсад ийнхүү
2 дахь удаагаа залж буй юм.
Манай улс 2012 онд бурхан багшийн цахиурыг Монгол Улсын Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулсан. Харин бурхан багшийн эрдэнийн их ринсрэл залсан тухайн газарт амар амгалан, гэгээн бүхэн оршдог гэж үздэг байна.
Энэ тухай Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц хэлэхдээ, “Бурхан багшийн чандар заларснаараа энхтайван, эв найрамдал, дотоод мөн чанарт өөрчлөлт гарна. Нэг зүгт, нэг чигт бие биенээ хайрласан, энэрсэн, уучилсан, өршөөгөөсэй хэмэн бэлгэдэн бурхан багшийн чандар 11 хоног Батцагаан дуганд заларна. Энэ хугацаанд монголын сүсэгтэн олон адис авч, ажил хөдөлмөр, амьдрал, зол жаргалынхаа төлөө цог золбоотой сайхан амьдрахыг уриалж байна” гэв.
БНЭУ-ын Үндэсний музейд хадгалж байсан бурхан багшийн ринсрэлийг Монголд залсан нь түүхэн ач холбогдолтойг Энэтхэгийн Хууль зүйн сайд Кирен Рижижу онцлов. Тэрбээр, “Бурхан багшийн эрдэнийн их шүтээнийг 28 жилийн дараа Монголд залж байгаа нь түүхэн үйл явдал. Монгол, Энэтхэг улс оюун санааны холбоотой бөгөөд газрын холыг даван туулах чадвартай гэж Бакула Ринбүүчи багш хэлсэн байдаг” гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар ринсрэл залах үеэр хэлэхдээ, “Бурхан багшийн их дүйчин өдрийг цаашид уламжлал болгон бүтээлчээр тэмдэглэж байх нь шашин номын үйлс улам дэлгэр өргөжиж, хүн ард түүний дотор ирээдүй хойч үеийнхний зөв хүмүүүжил, ёс суртахууны эрүүл оюун, гэгээлэг төлөвшилд ач холбогдлоо өгнө гэдэгт итгэлтэй байна. Нялхсыг баярлуулж, ядуусыг тэтгэн, эцэг эхээ ачилж, цагаан хоол идэж, хамаг амьтныг энэрч нигүүлсэх сэтгэлээр хандан өнгөрүүлдэг эртний уламжлалтай энэ өдөр хийсэн буяны үйл нь мянга түмээр арвижин дэлгэрэх болтугай” хэмээв.
Бурхан багшийн их дүйчин өдөр 10 цагаан буяныг хурааж, 10 хар нүглийг тэвчин өнгөрүүлэх нь амар амгалан, сайн сайхан бүхнийг бий болгоход тустай гэж бурханы номонд үздэг. Тиймээс их дүйчин өдөр гэлтгүй энгийн өдөр ч гэсэн бие, хэл, сэтгэл гурвын буруу үйлийг хийхгүй байхыг сүсэгтэн олонд номлож байлаа.
Бурхан багшийн ринсрэлийг Бакула Ринбүүчи Монголд анх авчиржээ
Бурхан багш дэргэдээ 16 хүнийг шадар туслахаа болгож байсан. Тэднийг монголоор 16 архад, төвөдөөр найдан гэж нэрлэдэг. 16 архадын нэг Бакула Ринбүүчийн 19 дэх хувилгаан дүр манай улсад Элчин сайдаар 12 жил ажилласан. Тэрбээр 1994 онд Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд өчигдөр залсан эрдэнийн их ринсрэлийг авчирч байжээ.
Бакула Ринбүүчи нь Монгол, Энэтхэг орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж, оюун санааны түнш орон болоход ихээхэн үүрэг гүйцэтгэж байсан хүний нэг юм. Түүний 20 дахь хойд дүрийг Далай лам тодруулж 2017 онд сэнтийд нь залж байжээ.
Бурхан багшийн их дүйчин өдрийг Азийн орнуудад тэмдэглэв
Бурханы шашин дэлгэрсэн улс бүр Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэдэг. 1999 оны 12 дугаар сарын 15-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор эл өдрийг Олон улсын тэмдэглэлт өдөр болгон зарлажээ. Эл өдөр БНСУ, Тайланд, Шриланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мьянмар зэрэг бурханы шашинт оронд Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр болгон тэмдэглэв.
Бурханы шашинтай Азийн зарим орны төр засгаас энэхүү өдөр бойны газрыг хаах, архи дарс худалдаалахыг хориглох, зугаа цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоох зэрэг шийдвэр гарагж үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгон тэмлдэглэдэг уламжлал нэгэнт тогтжээ.
Нүүдэлчийн өв соёл, уламжлалт ухааны салшгүй нэг хэсэг нь бурханы шашин. Монголчууд 300-400 орчим жилийн өмнөөс Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэж байсан уламжлалтай. XVIII-XIX зууны үед Азийн улс орнууд нэг нэгнээ колоничлох нь их байсан учраас ард иргэд шашин шүтэх эсэх нь хязгаарлагдаж буддын шашин бүдгэрэх тохиолдол байсан. XX зууны эхэн үеэс дэлхий нийтэд энхтайван тогтож, шашин шүтэх эрх чөлөө бий болсноор бурханы шашин дахин хүчтэй дэлгэрэх болжээ.