Риод Португалын сайдыг дээрэмджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /NHK/. Рио-де-Жанейрод Португалын Боловсрол, спортын сайдыг хутга тулган дээрэмдсэн хэрэг гарсан гэж Бразилын цагдаа нар мэдэгдлээ.
Энэ хэрэг Өмнөд Америкийн тус улсад Олимп эхэлсний маргааш нь буюу өчигдөр гарчээ. Аз болоход, сайд бэртэж гэмтээгүй аж.
Цагдаа нарын мэдэгдсэнээр, бямба гарагт Ипанема наран шарлагын газрын ойролцоо Португалын сайд Тьягу Брандао Родригест хоёр этгээд хутга тулгаж, түүний бэлэн мөнгө болон гар утсыг дээрэмджээ.
Ипанема наран шарлагын газрын дагуу гадаадын жуулчдад зориулсан зочид буудлууд байдаг аж. Хэрэг гарснаас хойш удалгүй дээрэмчдийн нэгийг нь цагдаа нар баривчилсан байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, сайд дугуйн уралдаан үзсэнийхээ дараа зочид буудал руугаа буцаж явж байжээ.
“Рио-2016” зуны Олимпын наадамд оролцож буй гадаадын тамирчид болон зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд тус хот даяар аюулгүй байдлыг чангатгаад байгаа юм.
Сайдыг дээрэмдсэнтэй холбогдуулан аюулгүй байдлын асуудал дахин хөндөгдөж магадгүй.
Г.Доржханд