Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн "Хүн ба шим мандал" хөтөлбөрийн дэлхийн сүлжээнд бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2022-06-16 07:39:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Францын Парис хотноо болж буй НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гийн "Хүн ба шим мандал" хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр хурлаар Хөвсгөл нуурыг тус хөтөлбөрийн дэлхийн сүлжээнд бүртгэжээ.


Ингэснээр нуур, 1.7 сая га газрыг хамгаалж, эко системийг сайжруулахад шаардлагатай дэмжлэг туслалцааг ЮНЕСКО-гоос авах боломжтой болох аж. Мөн Хөвсгөл далайг цэнгэгээр нь авч үлдэх чиглэлээр дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах чухал ач холбогдолтой юм.


Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн Хөвсгөл нуурыг дэлхийн арван долоон эртний нуурын нэг хэмээн үздэг бөгөөд 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзлэхүүн 381 км куб байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнтэй нийлж, нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг байна. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаардаг аж. Дотроо том жижиг нийлсэн 5 аралтай бөгөөд хамгийн томыг нь Модон хүй хэмээн нэрийднэ. Манай орны хамгийн цэнгэг нь болох Хөвсгөл нуур нь төв хэсэгтээ 23 метр хүртэл тунгалаг харагддаг нь Хөх сувд хэмээн нэрийдэхэд хүргэжээ.


Ташрамд дурдахад, Монгол Улс энэ сүлжээнд Их говийн дархан цаазат газрыг 1991 онд, Богд Хан уулыг 1997 онд, Увс нуурын ай сав газрыг 1996 онд, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрыг 2002 онд, Дорнод Монголыг 2005 онд, Монгол Дагуурыг 2007 онд, Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг 2020 онд  бүртгүүлсэн. Мөн Увс нуурын хотгорыг ОХУ-тай хамтран ЮНЕСКО-ийн Шим мандлын хил дамнасан нөөц газрын ангилалд 2021 онд бүртгүүлсэн юм.


Тодруулга: “Хүн ба шим мандал” хөтөлбөр нь хүн, байгалийн зохистой харьцааг дэмжих, байгаль орчныг бохирдуулах, байгаль экологид сөрөг нөлөө бүхий санаатай болон санаандгүй үйлдэл гарахаас урьдчилан сэргийлдэг дэлхийн сүлжээ хөтөлбөр юм.

Холбоотой мэдээ