Нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 6.5 их наяд төгрөг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-20 15:12:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.5 их наяд төгрөг болов.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 661.3 (11.3 хувь) тэрбум, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 5.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 633.9 (12 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 


Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ оны эхний 5 сард 6.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 539.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 5 дугаар сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 124.7 (10 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 84.2 (6.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны 4 дүгээр сард 37.7 тэрбум, 5 дугаар сард 246.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав.


Татварын орлого энэ оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 (22.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд бусад татварын орлого 501.5 (2.4 дахин) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 369.9 (35.3 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 322 (41 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Улсын нэгдсэн төсвийн орлогод татварын орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 8.2, тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь 5.1 нэгж хувиар нэмэгдэж, татварын бус орлого 7.6, ирээдүйн өв сангийн орлого 5.6 нэгж хувиар багассан аж. 


Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 5 сард 6.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 306.6 (5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Зарлагын өсөлтөд урсгал шилжүүлэгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 427.3 (12.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Харин бараа үйлчилгээний зардал 276.9 (17.2 хувь) тэрбум, хүүгийн зардал 56.6 (16.5 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ. Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь энэ оны эхний 5 сард өмнөх оны мөн үеийнхээс 6, татаас 0.9 нэгж хувиар нэмэгдэж, харин бараа үйлчилгээний зардлынх 5.7, хүүгийн зардал 1.2 нэгж хувиар багассан байна. 


Хөрөнгийн зардал 840.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 168.5 (25.1 хувь) тэрбум төгрөгөөр  нэмэгдлээ. Үүнд барилга байгууламжийн зардлын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 24.5, их засварын зардлынх 0.4 нэгж хувиар нэмэгдэж, бусад хөрөнгийн зардлынх 19.1, тоног төхөөрөмжийн зардлынх 4.5, стратегийн нөөц хөрөнгийн зардлынх 1.3 нэгж хувиар багасжээ. 

Холбоотой мэдээ