Эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-21 12:06:24

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хүүхдийг Ивээх сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих нь“ төслийн сургалт Алтай хотноо болж байна.


Энэхүү төсөл нь ковид-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, халдварыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд “Анхан шатны эрүүл мэндийн тогтолцоонд ковид-19 халдварын тохиолдлуудын эмнэлзүйн тусламж үйлчилгээг удирдахуй, Хүчилтөрөгчийн эмчилгээ” сэдэвт шаталсан сургалтыг зургаадугаар сарын 21, 22-нд тус аймагт зохион байгуулах аж. Сургалтад 17 сум, 2 тосгоны ЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат оролцож, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон арга хэмжээ, түүний хэрэгжилтийн талаар танилцуулсан юм.


-“АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан АНУ-аас Монгол Улсад “Ковид-19” цар тахлын эсрэг хийж буй хүчин чармайлтыг дэмжих зорилгоор амьсгалын аппаратууд хандивласан бөгөөд эдгээр тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай сургалт, зөвлөгөө, мэдээллийг төслийн хүрээнд хүргэх юм. Түүнчлэн төслийн хүрээнд дүүрэг, аймаг, сумдын эмнэлгүүдэд “Ковид-19”-ийн эсрэг хариу арга хэмжээ үзүүлэх чадавхыг сайжруулах чиглэлээр эмч, сувилагч нарт зориулсан онол, ур чадварт суурилсан цахим болон танхимын сургалтын модуль боловсруулан сургалт зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэж байгаа. Эрүүл мэндийн төслийн хүрээнд сумдын эмнэлгийн эмчилгээний хүчилтөрөгчөөр хангагдах тогтолцооны хэрэгцээ, шаардлагыг үнэлж, сайжруулах арга хэмжээг авч байна. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Дархан, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат, дагалдах хэрэгслийг олгоод байна.

Цаашлаад сумын Эрүүл мэндийн төвд коронавирусний халдварын үед тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж мөн хүчилтөрөгчийн системийн хэрэгцээ, хангамжийн талаар түргэвчилсэн үнэлгээг 21 аймгийн 330 суманд зохион байгуулж, шаардлагатай сумдыг хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэгслээр хангана” хэмээн Хүүхдийг ивээх сангийн Эрүл мэндийн төслийн ажилтан Б.Номин танилцууллаа. 

Ил төслийн хүрээнд Говь-Алтай аймагт эмнэлгийн ажилчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж,  техникийн туслалцаа үзүүлэх аж. Мөн Чандмань сумын Эрүүл мэндийн төвд стандарт шаардлагад нийцсэн Шүдний кабинет байгуулах юм.


Холбоотой мэдээ