ДАРХАН-УУЛ: Сяньби улсын хаад, язгууртны бунхант булш олдлоо

ОРОН НУТАГТ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-06-24 16:40:37

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Говил уулын ар бэлээс Сяньби улсын хаад, язгууртны бунхант булш олджээ.  Судалгааг Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн Профессорын хоёрдугаар багийн ахлагч, доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг малтан судалж байна.  

Өнгөрсөн лхагва гарагт аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл Бунхант булшны олдворуудтай танилцлаа. Цаашид судалгаа, малтлага хийхдээ аюулгүй байдлаа хэрхэн ханган үргэлжлүүлэх, хамгаалах асуудлаар санал солилцлоо. Тус дурсгалт газар нь Монголын түүхэнд маш бага судлагдсан ховор олдвор бөгөөд Сяньбигийн үеийн хаад, язгууртнууд хамгийн том хэмжээтэй бунхант булшнуудтайгаараа онцлог аж. Малтлагын ажил 2022 оны 6 дугаар сарын 6-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дуусах шатандаа буюу бунхныг судлах ажил хийж байна. Одоогийн байдлаар олдсон олдвороос дурдвал, бунхны хаалганы дотор талаас нэг бүтэн тарвага, хоёр араатан амьтан, нэг бугын толгой, хүний эрүү, төмөр эдлэл, хүрэл тогооны хэлтэрхий илэрсэн талаар судалгааны баг мэдээллээ. Мөн Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлах газрын дарга доктор М.Оюунтулга олдворуудын хадгалалт, хамгаалалтын талаас зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ.

Ташрамд Монголын түүхэнд Сяньби улсын хаад, язгууртны бунхант булш ингэж олдсон тохиолдол урд өмнө нь илэрч судлагдаагүй гэдгийг малтлагын багийнхан хэлж байна. Судалгааны багт Улаанбаатар их сургуулийн Түүх археологийн ангийн нэг, хоёрдугаар дамжааны оюутнууд багтаж байна.

Холбоотой мэдээ