АХБ Монгол Улсад 655 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-28 15:30:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банкны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн зөвшилцөх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.


Хэлэлцээрийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2021-2024 онуудад хамтран ажиллах стратегийг тохирч, 2022-2023 онд Монгол Улсад 655 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилжээ. Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй байдаг. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг ба Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлоод Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулснаар Азийн хөгжлийн банкнаас хуваарлисан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг заавал авч ашиглах үүрэг хүлээхгүй бөгөөд хэлэлцээрийн төслийг УИХ-аар соёрхон батлуулж, тус Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг тухай бүр Засгийн газрын түвшинд хэлэлцэн зээлийн гэрээ, хэлэлцээрийг байгуулж ажиллахаар төлөвлөж байна" гэлээ.


Азийн хөгжлийн банкны 2022-2023 оны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт багтаж буй төслүүдийг Азийн хөгжлийн банкнаас хамтран санхүүжүүлэх боломжтой талаар мэдэгдсэн бөгөөд “Шинэ сэргэлтийн бодлого"-той уялдаж буйн дээр уг Ерөнхий хэлэлцээрт багтаж буй аюулгүй шуурхай худалдааг дэмжих, уян хатан нэгдсэн хилийн үйлчилгээ төсөл, “Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай” эрчим хүчний дамжуулах шугам зэрэг төслүүд нь боомтын сэргэлт болон эрчим хүчний сэргэлтийн чиглэлтэй уялдаа холбоотой байна. Түүнчлэн энэхүү Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр батлагдсанаар 2022-2023 онуудад төсвийн дэмжлэгийн зориулалтаар 200 хүртлэх сая ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг авч ашиглах боломжтой хэмээн Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.  


Зээлийн хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төслийн танилцуулгад зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хүрэх үр дүн ямар байх талаар тодорхой бус байгааг хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Азийн хөгжлийн банкны 655 сая ам.доллар гэдэг бол нэн хөнгөлөлттэй зээлийн эрхийг л нээж байгаа гэдгийг тодотгоод урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай монголчуудад алсдаа үр өгөөжтэй, хөгжлийг тэтгэх төсөл, хөтөлбөрүүддээ чиглүүлэхийг анхааруулж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хэлэлцээрийн төслийг тэр дундаа төсвийн алдагдлыг нөхөх гэж зээл авахыг дэмжихгүй гэдгээ мэдэгдэхийн зэрэгцээ нүүрсний экспортоо нэмэгдүүлэх, далд эдийн засгаа ил болгох, татварын бааз суурийг нэмэгдүүлэх зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллавал төсвийн алдагдлаа зээл авахгүйгээр төлөх боломжтойг анхааруулж байлаа.


Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир хариултдаа, "Засгийн газрын гадаад өр 8,7 тэрбум ам.доллар байгаагаас 2.8 тэрбум ам.доллар нь бонд. Үлдсэн хөнгөлөлттэй зээлийн хэмжээ нь 5.7 тэрбум ам.доллар байна. 5.7 тэрбум ам.доллароос сүүлийн 30 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны хүрээнд 97 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснээс, өрийн үлдэгдэл 1.8 тэрбум ам.доллар байна. Дэлхийн банкнаас 53 төсөл хэрэгжүүлж байгаагаас өрийн үлдэгдэл нь 800 сая ам.доллар, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 2 төсөл 110 сая ам.доллар, Олон улсын валютын сан зэрэг олон талт харилцаануудаас нийт 2.9 тэрбум ам.доллар байна. Хоёр талт харилцааны хүрээнд 1990 оноос хойш хамгийн их  зээлийг Япон улс 24 төслийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд үүний өрийн үлдэгдэл 1.3 тэрбум ам.доллар, БНХАУ 23 төсөл хэрэгжүүлж өрийн үлдэгдэл нь 1 тэрбум ам.доллар гэх зэрэг нийтдээ 15 зээлдэгч улсуудаас төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байдаг" гэв.  Мөн тэрбээр, өнгөрсөн хугацаанд 1990-2000 онд авсан зээл нь шилжилтийн хүндрэлийг давах барааны зээлүүд байсан бол 2000-2010 онуудад дэд бүтцийн салбарт илүүтэй зээл авснаас гадна мөн нийгмийн шинж чанартай зээлүүдийг авсан байдгийг тодотгоод Үндэсний аудитын газраас төсөл, хөтөлбөрийн үр ашигт жил бүр хяналт, шалгалт хийдэг хэмээн хариулж байлаа. 


Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон 63,6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар болов. 

Холбоотой мэдээ