ХӨВСГӨЛ: Ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд үүргийн утаат шүршигч багаж ашиглаж байна

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-28 17:29:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Дэлгэрмөрөн сум дундын ойн анги ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг Хатгал тосгоны Хасгийн хаяа битүүгийн хаяа, Харганы ам, Нүхэн зэрэг газруудад үүргийн утаат шүршигч багаж ашиглан зохион байгуулж байна. Тус ажилд  Хатгал тосгоны байгаль орчны тасаг хамтран ажиллаж байна.


Дээрх ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийсэн газруудад иргэдийг аялал зугаалгаар явахгүй, мал бэлчээхгүй байхыг анхааруулж байна. Тус аймагт ойн хөнөөлт шавжийн хэт олшролт 5-8 жилийн давтамжтай явагдаж байгаа бөгөөд энэ жил шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй, өрөөсгөл хүр эрвээхэй их хэмжээгээр тархаж, ойд хөнөөл учруулж байна. Сумдын байгаль хамгаалагч, ойн ангиудын хийсэн судалгаагаар 19 сумын нутагт нийт 326.971 га ойн талбайд 3 төрлийн ойн хөнөөлт шавж тархаж голомт үүссэн судалгаа гарчээ. Энэ нь сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулбал 54 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ