Монгол соёлын утга, бэлгэдлийг хослуулан бүтээсэн шилдэг бүтээлүүдийг дэлгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-07-01 11:23:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан хүний нүдний ур, ухааны ур, гарын урыг шингээж, монгол соёлын утга, бэлгэдлийг хослуулан бүтээсэн шилдэг бүтээлүүдийг дэлгэсэн “Монгол дархан” үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд нээлээ.


Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй юм. 


Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, монгол дархчуудын урлаж ирсэн эдлэл хэрэгсэлгүйгээр нүүдлийн соёл иргэншлийг, зэр зэвсэггүйгээр Монголын эзэнт гүрнийг, бурхан шүтээнгүйгээр монголчуудын итгэл үнэмшлийг, цаашлаад өнө эртний түүхтэй нүүдлийн соёл иргэншил, даян дэлхийг энхжүүлсэн Монголын эзэнт гүрэн, монголчуудын гүн бат итгэл үнэмшилгүйгээр өнөөдрийн Монгол Улсыг төсөөлөх аргагүйг онцоллоо.


Монгол дархчуудын уран нарийн хийцтэй, төгс төгөлдөр бүтээлүүд өрнө дорнод шагшигдаж, Монголын урлагийг дэлхий дахинд таниулахад чухал хувь нэмэр оруулж байгааг дурдав. Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүд гэхэд л дэлхийн сонгодог бүтээлүүдтэй эн зэрэгцэх сод бүтээл хэмээн судлаач, мэргэжилтнүүд өндрөөр үнэлдэг нь монгол дархны ур ухаан, авьяас билиг монголчууд төдийгүй хүн төрөлхтөнд ямар үнэ цэнтэйг харуулж байдгийг тодотгов.


Цаашид монгол дархны урлагийг дэмжин хөгжүүлэхийн тулд уламжлалт гар урлалын арга, технологийг хадгалан хамгаалах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, өргөжүүлэх чиглэлээр төр, засгийн холбогдох байгууллагууд нэгдсэн бодлогоор ажиллах ёстойг хэллээ. Мөн тэрбээр Өндөр гэгээн Занабазарын дөшөнд алхаар 3 удаа мөнгө давтаж хүндэтгэлийн ёслол үйлдсэн юм.


Монгол дархчууд дөшөө эртнээс дээдлэн хүндэлж ирсэн бөгөөд аливаа хүндэтгэлтэй үйл, урлалыг эхлүүлэхдээ үйл нь уран, хараа хурц, бүтээл арвин байхыг бэлгэдэн дөшиндөө 3 удаа алхаар товшдог зан үйлийг үйлддэг байжээ. Хоосон дөшийг алхаар товшдоггүй, товших нь цээртэй учир цалин цагаан мөнгө хавчуулдаг ёстой. Дархчуудын шүтээн болсон Өндөр гэгээн Занабазарын дөшөн дээр энэхүү хүндэтгэлийн зан үйлийг үйлдэх нь үзэсгэлэнгийн уламжлал болж буй юм. Монгол уран дархны "Түмэн эрдэнэс" холбооны тэргүүн Д.Пүрэвсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл илэрхийлсэн алх, мөнгө хоёрыг дурсгал болгон гардуулав.

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин уран дархны уламжлалт мэдлэг, арга ухааныг өвлөн уламжлагчдыг дэмжих хүрээнд Соёлын биет бус өвийг хамгаалах тухай хуулийг 2023 онд Монгол Улсын Их Хуралд өргөн барихаар хуулийн төслийг боловсруулан ажиллаж байгааг дурдав.



Тэрбээр, “Соёлын яам үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, судлах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд бид “Монгол дархны уламжлалт арга ухаан” өвийг хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлагчдыг дэмжих хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэмжлэг үзүүлэх тогтолцоог сайжруулахаар зорин ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Тухайлбал, уран дархны уламжлалт мэдлэг, арга ухааныг өвлөн уламжлагчдыг дэмжих хүрээнд Соёлын биет бус өвийг хамгаалах тухай хуулийг 2023 онд Монгол Улсын Их Хуралд өргөн барихаар хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна” гэв

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна.


Үзэсгэлэнгийн Гран при шагналыг “Далайчойнхор хэт хутга” бүтээлээр Г.Хадхүү, “Тэнгэр заяа” бүтээлээр Д.Гэрэл, “Хангарьд хос завьяа” бүтээлээр Б.Отгонбаатар нар шалгарав.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулсан юм. 


Энэ жилийн урчуудын бүтээл нь өмнөх жилүүдэд ирж байсан бүтээлүүдээс илүү ур хийц, гүйцэтгэл сайтай, цэмбэгэр бүтээлүүд болсноороо онцлогтой. Ган сийлбэр, хөөмлийн чиглэл мартагдаж байгаа ч залуу уран бүтээлчид маш идэвхтэй оролцсон. Мөн уран хатгамалчид эрдэнийн чулуугаар уран сийлбэр хийж буй уран бүтээлчид оролцож буйгараа онцлогтой

 гэдгийг Монгол уран дархны "Түмэн эрдэнэс" холбооны тэргүүн Д.Пүрэвсүрэн тодотгов.


Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд 778 дурсгал байдгаас 60 орчим хувь нь зоос мөнгөн тэмдэгт, угсаатны болон бурхны шашны уран дархны бүтээл юм.


Харин Соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд уран дархны уламжлалт мэдлэг, арга ухаантай холбоотой найм (Мөнгөн аяга хийх урлал, хэт хутга урлал, Монгол эмээл хийх урлал, Монгол дархны цутгуурын урлал, Цахиур буу хийх технологи, Дархан, мужааны багаж хэрэгсэл урлал, Хөдөлмөрийн багаж зэвсэг урлал) өвийн төрөл зүйл, өвлөн уламжлагчаар 160 гаруй уран дархан  бүртгэгджээ.


2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Уран дархны урлагийг дэмжих тухай зарлиг гаргасан бөгөөд энэ хүрээнд “Монгол дархан” үзэсгэлэнг гурван жил тутамд нэг удаа зохион байгуулахаар тогтсон юм.

Үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл олны хүртээл болно.




Холбоотой мэдээ