ХОВД: Г.Будмэд: Амьдрал бол өгүүлбэртэй бодлого

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-04 14:45:27

Ховд /МОНЦАМЭ/.  “МОЭНКО” ХХК-ийн Нүүрсний чанарын албаны менежер Г.Будмэдтэй ярилцлаа. 

Ховд аймгийн уугуул тэрбээр TEDxKHOVD үйл ажиллагаанд оролцож “Амьдрал бол өгүүлбэртэй бодлого” буюу бусдаас суралцахын ач холбогдлын талаар илтгэл тавьсан.

Монгол Улсын их сургуулийг 2005 онд төгссөн геологич залуу эдүгээ мэргэшсэн инженер болтлоо мэргэжил, ур чадвараа ахиулж, 40 гаруй хүнтэй алба удирдан ажиллаж байна.  

 -Уурхайчин болсон түүхээс нь ярилцлагаа эхлэх үү. МУИС-ийн хуваарь аймагт цөөхөн ирдэг байх?

-Үнэндээ бол зүгээр л олдсон хуваарь нь. Инженер болъё, Улаанбаатарт л очиж сургуульд суръя гэсэн бодол байсан. Тухайн үед аймагт ирсэн хуваариас авах боломжтой бөгөөд миний сонирхсон мэргэжил нь геологич байлаа. Хүмүүсийн ярьдаг шиг романтик түүх бол байхгүй ээ.  

-Хотод ирээд оюутан болоод сурах явцдаа мэргэжилдээ илүү татагдсан байх нь ээ? 

-Бусад оюутны нэгэн адил хичээлдээ сууж, багш нараасаа суралцан, найз нөхөдтэй болж, мэргэжлийнхээ талаар шат шатаар таньж, мэдсэн. Илүү их судалгааны чиглэлийн ажил юм байна гэдгийг тэр үед ойлгосон. 

-Анхны дадлагаа хаана хийсэн бэ?

-Ховд аймгийн Зоргол сумын "Алтай нэгдэл" компанид дадлага хийсэн. 2004 оны хавар үйлдвэрлэлийн дадлагаар геологийн компанид ажиллаж, онол л сонсож байсан хүн анх хөдөө гарсан даа. Цомхон бүрэлдэхүүнтэй хээрийн ангид очиж, тухайн ангийн дарга Батбаяр геологичийн удирдлагад 4-5 мэргэжлийн хүнтэй хамт ажиллаж, ачааллыг нь хуваалцаж зуссан. Ховд аймгийн Цэцэг, Алтай суманд ажилласан. 

-Уул уурхайн салбарын үйл ажиллагаа нэлээд эрчимжсэн цаг хугацаанд хамаарах мэргэжилтэн үү? 

-Би 2001 онд сургуульд элссэн. Хүмүүсийн уул уурхай эрчээ авсан гэж яриад байгаа хугацаа нь 2003 оноос эхэлдэг. Ховдоос энэ чиглэлээр МУИС-д тухайн үед гурван хүүхэд л сурч байлаа.

-Аав, ээж нь таныг нутагтаа ирж "ажиллаарай" гэдэг даалгавартай үдсэн үү? 

-Тийм юм бол байгаагүй. Сургуульдаа сураад, геологич болъё, сайн мэргэжилтэн байхыг л хичээе гэснээс өөр бодолгүй явлаа. Хувь тавилангийн тохиол гэх үү дээ. Төрсөн нутагт нь далайцтай том төсөл эхлээд, тэр тухай найз маань санал болгож яриад, Эрхүүд сурч байснаа энд ирээд ажилласан гээд бодохоор нэг учир байжээ. Дадлага л хийснээс өөр туршлагагүй нөхөр ажилд орохоор ирлээ. Энд 40 гаруй өрөмдлөгийн машин ажиллачихсан, сүртэй гэж. Надад маш гоё санагдсан. Гадаад мэргэжилтнүүд болон монгол мундаг ах нар байсан болохоор аятайхан газарт ажилд орчихлоо гэсэн сэтгэгдэл анхнаасаа л төрсөн.

-Танай сургууль болон уул уурхайн салбарынхан энэ төслийн талаар анх ямар төсөөлөлтэй байсан бэ? 

-Манай уурхайн ахлах геологич Мөнгөнжигүүр болон тэдний ангийнхан анх хамт ирцгээсэн. Тэд надаас гурван жилээр илүү туршлагатай. Хоорондоо ярьж байгааг нь сонссон ч тэр, хүмүүсийн байр байдлыг ажигласан ч тэр аятайхан ажилд яваад орчихлоо шүү гэсэн сэтгэгдэл төрсөн. Монголд байгаагүй тоног төхөөрөмжүүдийг оруулж ирээд, 40 өрөм зэрэг ажиллуулаад, ганц зуны хугацаанд ийм их ажил хийдэг тохиолдол байхгүй.

-Ах, дүү хэдүүлээ вэ, тэд нар нь ямар мэргэжлээр ажиллаж байна? 

-Би хоёр эгч, нэг дүүтэй.  Нэг нь эрхзүйч, нөгөө нь нягтлан. Эгч маань Ховд аймгийн төвд ч ажиллаж байсан. Бас Булганд прокурор хийж байсан. Дүүг оюутан болоод орж ирснээс хойш ээж ч бас хотод ирсэн.

-TEDxKhovd-д оролцож, илтгэл тавилаа. Олон улсад танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны нэг хэсэг болж, мөн төрөлх нутагтаа ажиллаж байгаа туршлагаа хуваалцлаа. Илтгэлийн "Амьдрал бол өгүүлбэртэй бодлого" гэдэг утга санаа их таалагдсан шүү. Хугацаа давчдаад ярьж амжаагүй үлдсэн санаа байж л байгаа даа. Түүнээсээ хуваалцаж болох уу? 

-Баярлалаа. Ажилд орсон түүх нэг иймэрхүү. Тэгээд хоёр дахь жилдээ ажиллаж байтал надад нэг том боломж олдсон.  Манай компани баруун монголоор их олон төсөлтэй байлаа. Миний дээр ажиллаж байсан ах нар хайгуулын төсөл рүүгээ илүү анхаарч явснаар Хөшөөт төслийн геологичдынхоо ахлах түвшинд ажиллах боломж бүрдсэн. Юугаа ч мэдэхгүй залуу инженер шийдвэр гаргах түвшинд ажиллаад эхлэхээр өөрийгөө хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарна. Юм мэддэггүйгээ л тэгэхэд мэдэж эхэлсэн дээ. Зөвхөн геологийн тухай л мэддэг байлаа гээд хангалтгүй юм байна. Ажлын төлөвлөлт, стратеги, санхүүгийн ойр зуурын мэдлэгийг бага багаар шаардаад эхэлсэн. Энд нэгэнт ажил хийгээд эхэлсэн хүн ахиад сургуульд элсэлтэй нь биш. Ажил дээрээ суралцах л боломж байсан. Хариуцлага ч нэмэгдлээ. Бололцоогоороо туршлагатай хүмүүсээс мэддэг чаддаг зүйлийг нь суръя. Англиар хэд гурван үгтэй болъё гээд хичээсэн. Манай төслийг тухайн үед америкчууд удирдаж байсан болохоор хэлснийг нь ойлгох хэмжээнд хүрэх хэрэгтэй.  Бидний хөтөлдөг байсан инженерийн бичвэрийн гол нь англиар бэлтгэгддэг. Ингэхээр нэн түрүүнд англи хэл сурах шаардлага тулгарсан.  Тухайн үед дээжийг хилээр гаргахын тулд хэрхэн бэлтгэж, бичиг баримт бүрдүүлэх вэ гээд ажлын шаардлагын дагуу мөн л суралцаад эхэлсэн. 

Боломж надад олдсон, тэр хэрээрээ хариуцлага нэмэгдсэн, түүнийгээ хэрэгжүүлэх гээд жаахан ч гэсэн зүтгэл гаргасан нь л тэр.

-Хүн насан туршдаа тасралтгүй суралцдаг. Өөрийн тань хувьд хамгийн сүүлд сурч, мэдэж, таньж ойлгосон зүйл юу байв?

-Менежер болж, удирдах түвшинд ажилласнаасаа хойш аливаа зүйлийн уялдаа холбоог илүү анзаардаг болсон. Манай компанийн үйл ажиллагаа алхам алхмаар сайжирсаар, боломжийн түвшинд ирчихсэн. Гэхдээ сайжруулах зүйл мэдээж байгаа. Одоо үүнийг хэрхэх вэ гэдгийг л бодож байна.

-ЭЕШ дуусаж, хүүхдүүд сургууль, мэргэжлээ сонгож байна. Заавал уул уурхайдаа гол нь биш л дээ. Ер нь инженерийн ухаан таны амьдралд ямар давуу тал бий болгодог талаар?

-Аливаа зүйлийг шинжлэх ухаанчаар харах хэрэгтэйг бүгд хүлээн зөвшөөрнө. Тэгвэл инженерийн ажлын 80-90 хувьд нь тооцоо, судалгаа, байгалийн ухаан багтдаг учраас шинжлэх ухаан дээр бүрэн суурилж байна. Хэзээ ч устаж, үгүй болохгүй мэргэжил. Сүүлийн үед мэдээллийн технологи буюу IT-гийн мэргэжил тренд болж байна. Энэ ч бас инженер шүү дээ.

-Тооцоо судалгаа, баримт нотолгоон дээр үндэслэж ажилладаг хүмүүсийн давуу тал юу вэ? 

-Яах вэ, нэгэнт ингээд тооцоо, судалгааны арга барилтай, инженер суурьтай болчихсон хүн мал малласан ч арай өөрөөр хандана. Наад зах нь хашаа, хороогоо салхинаас хэрхэн хамгаалж барих вэ гэх мэтээр магадгүй жирийн малчнаас илүү инновац шингээх байх. Ямар ч салбар руу орсон ч гэсэн өөрөөр хандана даа.

-"Америк инженерийн дэргэд би зүгээр сууж байгаад л ирсэн ч зөндөө юм сурсан" гэж та илтгэлийнхээ үеэр ярьсан. Тэгэхээр та ч бас эргэн тойрныхоо залуучуудад үлгэрлэл болдог байх аа.

-Би урдаа хүн суулгаад энийг ингэ, тэрийг тэг гэдэг хүн биш. Одоо ч гэсэн ажиллаж байгаа арга барил маань тийм. Эхний ээлжинд өөрөө нэг оролдоод үз гэнэ. Дараа нь нөгөө хүн өөрийнхөөрөө хийгээд нэг түвшинд ирээд зогссон үед чиглүүлдэг. Хэдэн аргаар хийснийг нь асуухаар хүмүүс ихэвчлэн нэг, хоёр аргаар л оролдсон байдаг.  Тэгэхээр нь “Чиний хийж чадах, чадахгүй чинь чухал биш ээ, оролдож байгаа арга замаа эхний ээлжинд олон болгоод үз” гэж зөвлөдөг. Олон янзаар үзэхээр аяндаа л хийх гэсэн зүйл нь гарт нь орж ирдэг. Магадгүй дараа нь “Би дөрвөн янзаар үзлээ, энэ нь надад таалагдаад байна” гээд танилцуулбал тэр аргыг нь түлхүү хөгжүүлэх гэж хичээдэг. Ямар ч хүн өөрийнхөө сонирхсон юмаа түлхүү сайн хийж, туршлагаждаг шүү дээ.

-Хүмүүсийн нэг хэсэг нь ажил бол амьдрал гэдэг, нөгөө хэсэг нь амьдрахын тулд ажилладаг. Харин таныхаар...?

-Ер нь ажлаа гартаа оруулталаа нэгдүгээрт тавьсан нь амар. Ихэвчлэн 21-22 настайдаа их сургуулиа төгсөж байгаа гэхээр 30 хүртлээ буюу чадвартай мэргэжилтэн болсныхоо дараа ар гэр, амьдрал, ажил төрлөө тэнцвэржүүлж, хадгалаад явах нь тухайн хүний л асуудал. Гэхдээ “тоглолт”-ын эхэнд ажлаа л хийх хэрэгтэй.

-Та нарын ажлын хэмнэл, нөхцөл байдал нь яалт ч үгүй гэр бүлээсээ хол байхыг шаарддаг. Хүүхдүүддээ хэрхэн цаг гаргаж, анхаардаг вэ. Ажлын онцлогоос шалтгаалж бэрхшээл тулгарах уу?

-Бэрхшээл байлгүй л яах вэ.  Одоо бол харьцангуй боломж гарч байна. 50/50 хувьтай боллоо. Ажиллах цагтаа тултал нь ажиллаад, амрах цагтаа хүссэнээрээ өөрийгөө хөгжүүлэх боломжтой л гэж харж байна.

-14 хоног амарч, 14 хоног ажилладаг боллоо, энэ оноос. Хөшөөтийн уурхайн ажилтнуудын цалин яг хэвээрээ хадгалагдсан уу?

-Өмнөх орлогыг нь бууруулахгүйгээр маш сайн шилжилт хийсэн. Ажил амралт нь 1:1. Мөнгөө бодсон ч, цагаа бодсон ч ажилтнуудад том давуу тал болсон.  Цалин нь тогтмол болж, орлого нь буураагүй хэрнээ амралт нь ихэссэн.

-Хөшөөтийн нүүрсний онцлогийн талаар багахан танин мэдэхүйн ойлголт авмаар байна. Чанарын албаны менежерээс яриа авчхаад тэр талаар яриулахгүй бол болохгүй. 

-Ордын тухай ярихын тулд эхлээд тогтцыг нь ярина.Аливаа зүйлийг хүнд, хөнгөн, дунд гэж ангилдаг. Тэгвэл манайх хүнддээ орно. Бага орон зайд, геологийн хэцүү тогтцыг бий болгосон орд. Үүнийг ашиглахын тулд ур чадвар сорино доо. Хоёрдугаарт сайн, муу, дунд зэрэг гээд чанараар нь авч үзвэл ангилахад амаргүй, хоорондоо холилдчихсон байдгаараа онцлог. Энгийн тогтоцтой ордуудыг бодвол бас арай төвөгтэй. Нүүрс гэдэг зүйл өөрөө амьд шинж чанартай эд. Зүгээр нэг уулын чулуу биш.  Ухаад гаргаад ирсэний дараа чанар нь үргэлж муудах тал руугаа явдаг. Тэгэхээр олборлож байгаад технологи, ангилан ялгалтыг цаг хугацаатай уралдан хийж, худалдан авагчийн хүсэлттэй уялдуулан зохион байгуулалттай ажиллахгүй бол гаргаад ирсэн баялгийг технологийн дагуу биш, буруу хадгалснаас чанар муудвал компанидаа ч үр ашиггүй. Хүнд тогтоцтой, түүнийг нь ухаад авах гэхээр бүх юм нь холилдчихсон байдаг нь амаргүй. Энэ бүхнийг системээр нь ажиллуулахын тулд геологич, жолооч, тээвэрчин, лаборант, баяжуулагч гээд олон мэргэжлийн хүн баг болж байна.

 -Сайн уу, муу юу аль нь вэ? гэдэг дуу байдаг даа. Уул уурхайн салбараас улсын төсөвт орж байгаа хувь багагүй ч олон нийтийн дунд шавхагдах нөөцөө дуусгалаа, гадаадынханд баялгаа өглөө гэдэг мэтгэлцээн байнга л өрнөж байдаг. Мэргэжлийн хүний хувьд үүнд ямар тайлбар хийх вэ?

-Улс орны хэмжээд яригдаж байгаа энэ том асуудалд мэргэжилтэн хүний хувьд тайлбар хэлье л дээ. Монгол улс нүүрсний баялгаараа дэлхийд дээгүүр бичигддэг. Баялаг шүү. Баялаг, нөөц хоёр тусдаа.  Тэр баялгаас эдийн засгийн эргэлтэд орох хэсэг гэж бий. Энэ боломжийг дэлхийн нүүрсний хэрэглээтэй холбоод үзвэл зуу зуун жилээр ашиглах нөөц байгаа. Тэгэхээр нэгдүгээрт, хамаг нүүрс дуусчихлаа гэдэг ойлголт үүсэхгүй. Гэтэл нөгөө талд дэлхий ирэх 100 жилийн турш нүүрс хэрэглэсээр байна гэж хэлдэг мэргэжилтэн байхгүй. Нано цахилгаан гаргана, технологийн өөр шийдэл бий болно гэсэн урьдчилсан таамаг байна.  Эндээс логик дүгнэлт хийвэл бидэнд хангалттай нүүрсний баялаг байгаа, боломжтой хугацаандаа борлуулах нь зөв гэдэг өнцөг гарна. Харин уул уурхайн салбараас олсон орлогоо дараагийн 100 жилд биднийг тэжээх салбар руугаа оруулах нь зөв.

Хөрөнгө оруулалтын тухайд бол энэ сайн сонголт. Хүний мөнгөөр юмаа хийж байгаа юм шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт нь үр өгөөжтэй л байдаг.

-Ховдод төрж өссөн хүний хувьд энэ төслийн үр өгөөжийг энгийнээр хэлбэл?

-Ховдод манайхаас өөр уул уурхайн төсөл гэж байхгүй. Манай төслийн хувьд 15 жилийн түүхтэй, экспорт эхэлснээс хойших хугацааг тооцвол цөөн жил л болж байна. Татвар, хураамж, ханган нийлүүлэлт, ажлын байрны тухай ярихгүйгээр нийгмийн нөлөөг нь онцолбол маш сайн соёл түгээж байгаа гэж тодорхойлно. Энд ажилладаг залуусын хөгжил, нөлөөлөл сум, орон нутагт ч илэрдэг. Залуус хөдөлмөрлөх ёстойг ухамсарлаж, хөдөлмөрийн үр шимээрээ сайхан амьдрахыг үлгэрлэж байна. Ипотек болон хэрэглээний зээл хэнийг ч санхүүгийн сахилга баттай болгодог. Энд ажиллаж байгаа залуус ахуй амьдралаа тав тухтай байлгахын төлөө хичээж байна. Ахуйн дадал соёлоос эхлээд санхүүгийн боловсрол, ажлын туршлага гээд нийгэм, соёлын асар их өөрчлөлтийг бий болгосон нь бэлхнээ харагдаж байна. 10 жилийн өмнөхөөс огт өөр болсон шүү. Ажлын ярилцлага хийгээд сууж байхад ч энэ ялгаа мэдэгддэг.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

Холбоотой мэдээ