Тогтвортой хөгжлийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх чуулга уулзалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-07-04 17:09:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг нэвтрүүлж буйтай зэрэгцэн нэг чухал төсөл хэрэгжиж байгаа нь 2019 онд эхэлсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол-II төсөл юм.


Төслийн үндэсний чуулга уулзалтын нээлт өнгөрсөн 7 хоногт Орхон аймаг болж, салбар хэлэлцүүлэг бүхий бага чуулганыг Булган аймгийн Хялганат тосгонд зохион байгуулав. Чуулганаар төслийн хоёр жилийн үйл ажиллагааг дүгнэж, ирэх жилүүдэд хийх ажлаа ярилцлаа. 


Чуулганд ТХБ-II төслийн үндэсний зөвлөн зохицуулах багийн гишүүн БШУЯ, БОАЖЯ, МУБИС, Боловсролын үндэсний төв, Боловсролын ерөнхий газар, МҮОНРТ, тогтвортой хөгжлийн төлөөх “Амгалан дэлхий” ТББ болон төсөл хэрэгжиж байгаа зорилтот зургаан аймаг болох Архангай, Булган, Орхон, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг, нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн төлөөлөл, төслийн загвар 30 сургуулийн багш, сурагчдын төлөөлөл нийт 300 гаруй төлөөлөгч оролцов.


Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн үндэсний зохицуулагч А.Энхтогтох, ТХБ-II төсөл үндэсний хэмжээнд чуулга уулзалтаа хоёр дахь жилдээ зохион байгууллаа. 2021 оны цахим чуулганаар бид оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг голлон анхаарч байсан бол энэ жил түншлэл, хамтын ажиллагаа, оролцоог эрчимжүүлэх тал дээр түлхүү анхаарч байна. Оролцогч сургуулиудын төлөөлөгч нар бие биеэсээ туршлага судалж, нэвтрүүлэх, аймаг, орон нутагтаа түгээн дэлгэрүүлэхэд чиглэлээ.


Чуулганыг танхим, зочид буудалд зохион байгуулаагүй. Учир нь төслийн хүрээнд бүтээсэн болгоныг төлөөлөгч нарт бодитоор үзүүлж, танилцуулах зорилготой байлаа. Тиймээс ТХБ-II төслийн загвар 30 сургуулийн нэг Хялганат тосгонд төслийн хүрээнд байгуулсан “Эко зуслан” сургалт судалгааны төв дээр хийсэн. ТХБ төсөл загвар сургуулиудад жижиг төслөө хэрэгжүүлэхэд нь тус бүр 7.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Үүн дээр орон нутаг мөн хэмжээний санхүүжилт олгодог.


БОАЖЯ-ны хэлтсийн дарга Ц. Уранчимэг, “ТХБ-II” төслийн хүрээнд нийгэмд, байгаль орчинд, боловсролд ээлтэй хүртээмжтэй олон үйл ажиллагаа хэрэгжиж байгаагийн нэгд, Орхон аймагт нээгдсэн Байгаль орчны боловсролыг цогцоор өгөх зорилготой явуулын мэдээллийн төвийг онцоллоо. Төвийн санхүүжилтийг Швейцарын хөгжлийн агентлаг болон Орхон аймаг орон нутгийн төсвөөсөө шийвэрлэжээ. Манай яамнаас хөтөлбөр боловсруулж баталж өгсөн. Энэхүү төвөөр зочилсон хүүхэд багачууд, оюутан залуучууд, эцэг эхчүүд байгаль орчны талаарх мэдлэг мэдээллээ дээшлүүлэх, сонирхолтой туршилтуудыг хийж үзэх боломжтой. Бусад аймгууд энэ төвөөс санаа авч хэрэгжүүлэх бүрэн боломжтой” гэв.

“Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг, Явуулын сургалт мэдээллийн төв нь тухайн орон нутгийн иргэдийн хэрэглэж байгаа, мал амьтны ундаалж байгаа усны бохирдлын түвшин, хөрсний бүтэц, ургамлыг судалж, мөн виртуал байдлаар амьтан ургамалтай танилцах боломжийг олгож байна. Тухайлбал, Орхон аймгийн хэмжээнд байдаг ан амьтан, ургамал, байгалийн үзэсгэлэнт газруудтай энэ төвөөр зочилсон хүн бүр танилцаж болно гэдгийг тодотголоо.    


Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн зөвлөх Д.Хишигбуян, Үндэсний чуулганыг бага чуулган хэлбэрээр олон талыг оролцуулан 5 салбар бүлэг хуралдаанаар үргэлжлүүлж саналаа нэгтгэсэн. Цаашид ТХБ-ыг бодлогод тусгаж үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, багш нарыг ТХБ-ын чиглэлээр чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх, залуучуудын оролцоог хангах, суралцахуйн хувирган өөрчлөлтийг хийх саналыг дэмжлээ. Монгол Улс ТХБ-ын зорилго, зорилтыг үндэснийхээ бодлогод баттай суулгаж чадсан нь бидний гол боломж. Багш нар бусад сургуульд ментор хийх түвшинд хүрч, ийм чадвартай болсон гэдгээ илэрхийлж байна.             


“Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийг орон нутагт хэрэгжүүлэгч “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг ТХБ-II төсөл 6 аймаг, 2 дүүргийн ЕБ-ын 30 загвар сургуульд хэрэгжиж байна. 30 сургуулийн үнэлгээнд нийт 15 000 орчим хүн оролцсон. Төсөл хэрэгжүүлэхдээ тухайн сургууль өөрөө бүхлээрээ өөрчлөгдөхийг хүсэж байна уу гэдгээ өөрийн үнэлгээгээр тодорхойлсон. Эндээс жижиг төслийн ажил эхэлдэг. Тэд өөрийн үнэлгээгээр сургууль дээрээ, орон нутагт тулгамдсан асуудлаа гаргаж ирсэн. Дараа нь энэ асуудлыг өөрчлөхийн тулд юу хийхээ мөн сургуулийн баг хамт олноороо хэлэлцсэн. Ингэж асуудлыг шийдэх, өөрчлөх тэдний төлөвлөгөө, шинэ санааг ТХБ төсөл дэмжиж жижиг санхүүжилт олголог. Бидний өгч байгаа хөрөнгө өчүүхэн жижиг хэсэг болохоор бид жижиг төсөл гэж яриад байгаа хэрэг.


Тэрбээр, чуулганы хэлэлцүүлэг орон нутагт үргэлжилсэн нь төлөөлөгч нарт нутаг нутагтаа ТХБ төслийн хүрээнд юм хийж, бүтээх хүслийг төрүүлж, бид ч гэсэн юунд хүрч болох мөрөөдлийг асааж байна. Өнгөрсөн 2 жил КОВИД-19 цар тахалтай нүүр тулсан учраас ТХБ-II төслийн төлөвлөсөн ажлуудаас амжсан нь ч байна, амжаагүй ч бий. Тиймээс төслийн үнэлгээний багийнханд ажлаа бүрэн дуусгах боломжийг олгох үүднээс ТХБ төслийг 1 жил сунгаад байгааг дуулгалаа.


Холбоотой мэдээ