Төвхөн рүү очих гүүр орчимд осол гарах нөхцөл үүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-08-10 14:58:34

Өвөрхангай аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг татах томоохон боломжуудын нэг нь яах аргагүй байгалийн үзэсгэлэнт Улаанцутгалантын хүрхрээ, түүхийн дурсгалт Төвхөн хийд юм.

Гэвч энэ зун тус газрыг зорьсон иргэд, жуулчид сэтгэл санааны дарамттай, эдийн засгийн хохиролтой буцаж байна. Учир нь хүрхрээ рүү очих зам  хад чулуу, бартаа, гол ус ихтэйгээс тийш зүглэсэн суудлын жижиг тэргүүд голын усанд хашигдах, эвдрэх асуудал ихээхэн гарч, Төвхөн хайрхан руу Орхон голыг нэвтэлж гарах ганц гарц болох Онгоцтойн амны гүүр эвдрэл ихтэйгээс жуулчдад багагүй айдас, сандрал төрүүлж байв.

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэзуу, Төвхөн хийд, Улаанцутгалант орчмын угтах орчинг сайжруулах төслийг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр тусгасан ч улсын сан хөмрөг хүрэлцээгүйгээс уг ажил хэрэгжээгүй аж.

“Хужирт-Төвхөн-Улаан цутгалан” чиглэлийн авто замыг шинэчилж ашиглалтанд оруулах төслийг Өвөрхангай аймгаас удаа дараа өргөн барьсан ч Засгийн газрын шийдвэрээр хойшлуулсаар байсан юм. 105 метр урттай энэхүү модон гүүрний үндсэн бүтцүүд эвдэрсний улмаас мэргэжлийн хяналтын байгууллага их засвар хийх хүртэл хугацаагаар ашиглалтыг түр зогсоосон ч хол, ойроос зорьж ирсэн жуулчдын хүсэл сонирхлыг бодолцон орон нутгийн төсөв хөрөнгөөр жил бүр урсгал засвар хийдэг ч өдгөө осол гарах нөхцөлийг үүсгэжээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ