БАЯНХОНГОР: Хонгор нутгаас төрөн гарсан 25, 26 дахь Хөдөлмөрийн баатар нэгэн өдөр шагналаа гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-07-06 12:58:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ өдөр Баянхонгор аймгаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтон хоёр эрхэм төрөн гарлаа.

Монгол Улсын соёл урлаг, утга зохиолын хөгжил, соёлын бүтээлч өвийг хамгаалан дэлгэрүүлэх их үйлсийн төлөө 65 жил тасралтгүй зүтгэж яваа Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Тангадын Галсанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Т.Галсан яруу найраг, орчуулгын 10 гаруй бүтээл, тайз дэлгэцийн 40 гаруй баримтат болон уран сайхны кино зохиол, олон арван түүхэн болон цуврал боть туурвин ард түмнийхээ оюуны хүртээл болгож, хүн ардыг соён гэгээрүүлэх их үйлсэд оруулсан хөдөлмөр зүтгэл, Монголын уран зохиолыг сурталчлах, сурвалжлан бичих, үндэсний бичгийг дэлгэрүүлэх, эх хэл, өв соёлоо хамгаалах, ёс заншлыг уламжлуулан үлдээхэд хичээнгүйлэн зүтгэж, олон зуун эрдэмтэн, судлаач, шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэхэд үр бүтээлтэй ажиллан орчин цагийн утга зохиолын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь ийнхүү үнэллээ.

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, туульч, Өөлд Тангадын Галсан абугайн 90 насны ой энэ онд тохиож байна. Тэрээр 1932 оны хаврын тэргүүн сарын шинийн есөнд Цэцэрлэг Мандал аймгийн Чандмань уулын хошуу (өнөөгийн Баянхонгор аймгийн Заг гол сумын нутаг) Бумбатад хэмээх газар малчин Тангадынд мэндэлжээ. 

Энэ өдөр Хонгор нутгаас хоёр Хөдөлмөрийн баатар төрж байгаагийн нэг нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул, Радио, телевизийн улсын хорооны дарга асан, ахмад багш, ахмад сэтгүүлч, нийтлэлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ.

Түүний Улс, эх орныхоо төлөө 74 жил хүчин зүтгэсний 66 жилийг хэвлэл мэдээллийн салбарт зориулж, өдөр тутмын хэвлэл болон радио, телевизийн байгууллагын бодлогын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, ард түмнээ соён гэгээрүүлэх олон арван өгүүлэл, нийтлэл туурвин, салбарын шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дадлагажуулах, хүмүүжүүлэх, радио, телевизийн нэвтрүүлгийн агуулга чанарыг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн, ажил хөдөлмөр, бүтээлч санаачилга, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв. 

Ташрамд дуулгахад, 1961 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Ж.Чулуунбаатар ой модны аж үйлдвэрийн салбараас ууган Хөдөлмөрийн баатар болсон нь Баянхонгор аймгийн хувьд ч анхдагч болсон юм. Тэр цагаас өнөөг хүртэл Хонгор нутгаас 25, 26 дахь Хөдөлмөрийн баатар цолтон ийнхүү нэг өдөр төрөн гарч байна.

Холбоотой мэдээ