ХОВД: Монгол Улсын гавьяат малчин М.Баттулгынх 2000 гаруй литр сүүг сургууль, цэцэрлэгт нийлүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-06 13:49:11

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн харьяат, Монгол Улсын гавьяат малчин М.Баттулгын цолны мялаалга наадам боллоо.

Бага балчир наснаасаа мал дагаж, малч ухаанд суралцсан М.Баттулга гуай 50 гаруй жилийн хүч хөдөлмөрөө мал аж ахуйн салбарт зориулсны үр дүнд 2021 онд Монгол Улсын гавьяат малчин цолоор энгэрээ мялаасан.

Мал маллана гэдэг хамтын хөдөлмөр, хамтын хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр байдаг учраас 2022 оны долоодугаар сарын 6-ны өдөр хань, ах дүү, хамаатан садан, үр хүүхдүүдтэйгээ хамтран нутгийн зон олноо цуглуулж Мөнххайрхан нутгийн үзэсгэлэнт байгальд Монгол Улсын гавьяат малчин цолны мялаалга, бэсрэг наадам хийсэн нь энэ юм.        


М.Баттулга: 800 кг ээдэмцэр боловсруулахаас 1868 кг ээдэмцэр боловсруулж,

улс аймгийн төлөвлөгөөг давуулан биелүүлж байлаа 

Монгол Улсын гавьяат малчин М.Баттулга, гэргий Х.Долгор нар жилд дунджаар 60-130 км отор нүүдэл хийж, малдаа дээд зэргийн тарга хүч авахуулдаг бөгөөд мод бутлаг ургамал, хүнсний ногоо тариалахаас гадна хэд хэдэн газрыг хашин хамгаалж, тэжээлийн зориулалтаар ашиглаж, 50 орчим хүнийг ажлын байраар хангажээ.     

Түүнчлэн өвөлжөө, хаваржаа, бог малын зориулалттай хашаа, өвс тэжээл, түлш нөөцлөх агуулах,  хүч тамир муу-нэмэгдэл тэжээлд оруулсан нэг настай мал зэргийг эх сүргээс нь ялган байлгах галлагаатай битүү байр зэргийг олноор \20 гаруй\ барьж байгуулсан нь Ховд аймагтаа тэргүүн туршлага болж байна.

Мөн мал сүргийнхээ бүтэц, үүлдэр угсаар сайжруулах, чанаржуулах чиглэлд хийсэн ажил, санал санаачлагаараа нутгийн малчдыг тэргүүлж буй.

М.Баттулгын тухайд Мөнххайрхан сумын “Оч” нэгдэлд малчнаар ажлынхаа гараа эхэлж байсан. Тэрбээр 1975 оны тавдугаар сард заводын шингэн сүү боловсруулах ээдэмцэрээр ажиллах явцдаа 800 кг ээдэмцэр боловсруулахаас 1868 кг ээдэмцэр боловсруулж, улс аймгийн төлөвлөгөөг давуулан биелүүлж байсан түүхтэй.

Эднийх төрийн болон төрийн бус байгууллагуудад хандив өгөхийн зэрэгцээ сургууль, цэцэрлэгийн үдийн хоол, байрны хүүхдүүдэд 2000 гаруй литр сүү, аарц зэргийг нийлүүлж байгаа аж. 

 

 

Холбоотой мэдээ